Мах экспортлох асуудлаар Засгийн газарт санал хүргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Баян-Өлгий аймгийн нийт бэлчээрийн 25 хувь нь хэвийн, 16,7 хувь нь гантай, 58,3 хувь нь гандуу, бэлчээрийн хүрэлцээ хангамж 54,9 хувьтай байна гэсэн судалгааг гаргажээ. Мөн Алтанцөгц, Баяннуур, Булган, Бугат, Дэлүүн, Толбо, Цэнгэл, Сагсай, Улаанхус сумдад бэлчээрийн даац хэтэрсэн нь тогтоогдсон байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 659,4 мянган толгой мал буюу 17711 тонн махыг дотоодын нөөц хэрэгцээ, экспортод гаргах зорилгоор бэлтгэх боломжтой хэмээн үзжээ. Одоогоор орон нутгийн аж ахуйн нэгжүүд 1220 тонн мах бэлтгэжээ.
Аймгийн удирдлагын зүгээс бэлтгэсэн махыг улсын дотоод нөөц хэрэгцээнд ашиглах, улмаар ОХУ, БНХАУ, Казахстан гэсэн хөрш зэргэлдээ орнуудад экспортод гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Засгийн газарт уламжлаад байна. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл махны үнийн тодорхой хувьд гурил, малын хүчит тэжээл авахаар судалж байгаа юм байна.
Ө.Нурболат