Ирэх онд инженерийн шугам сүлжээнд 1.3 тэрбум төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-27 14:04:07
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийг бүхэлд нь хэрсэн 155.2 км  инженерийн шугам сүлжээ бий. Үүний 64 хувь нь 1977-1990 онд ашиглалтад орсон бөгөөд 100 гаруй км нь 27-40 жил болж байна. Харин бохир усны шугамын 70.1 хувь нь 1976-2012 онд ашиглалтад орж мөн л 40 жил болж байна. Ийнхүү хуучирч муудсан инженерийн шугам сүлжээ нь  жилд 30 гаруй удаа хагарч, гэмтэж, цоордог байна. Өнөөдрийн байдлаар Согоот багийн  шугам хагараад эвдрэлийг нь тогтоохоор тав дахь өдрөө  ажиллаж байна.
Цаашид газар доорх инженерийн шугам сүлжээг сайжруулахын тулд орон нутгаас үе шаттай ажил зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Тодруулбал, 2018 онд инженерийн шугам, сүлжээний их засварт 1.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ. Гэхдээ Орхон аймагт ашиглагдахгүй байгаа инженерийн шугам сүлжээ багагүй бий. 2015-2016 онд гэр хорооллын 13 багт гудамж дагуу цэвэр, бохир усны шугам татсан байдаг. Үүнээс есөн багт хийсэн шугам буюу тус бүр нь 0.1-0.9 км шугамыг огт ашиглаагүй байна. Мөн Булаг багт 2015-2016 хийсэн ЦТП /Дулаан дамжуулах төв/ агаарын шугам, Баянцагаан буюу “ПДУ”-д 2015-2017 онд “тарааст”-ын шугам,  долоодугаар хороололд байгуулсан гурван ширхэг ЦТП, ТП /Цахилгаан дамжуулах төв/, 11-р хорооллын цэвэр, бохир усны шугам, Жаргалант сумын “Эко хороолол”-д зориулж хийсэн инженерийн шугам сүлжээ, 2015-2017 онд Дэнж багт хийсэн цэвэр, бохир усны шугамд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч өдий болтол ашиглагдахгүй байна. Цаашид эдгээрийг хэрхэн ашиглах талаар мэргэжлийн байгууллагууд ажиллах ажээ.
 Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻