Цэцэрлэгийн барилгад 37 жилийн дараа их засвар хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-27 10:46:32

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд 11 дүгээр цэцэрлэгийн барилгад их засвар хийж дуусган, ашиглалтад орууллаа.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвалын нэрэмжит, Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноос хойш 37 жил болсон билээ. Тухайн барилгыг хэд хэдэн удаа урсгал засвар хийсэн боловч их засвар хийгээгүйн улмаас дулаан, цэвэр бохирын шугамд эвдрэл гарч үйл ажиллагаа доголдсоноос гадна цэцэрлэгийн барилга бүхэлдээ үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй болоод байсан юм.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Даян байгаль" ХХК их засварыг чанарын өндөр түвшинд орчин үеийн дизайнаар хийж гүйцэтгэн ашиглалтад орууллаа. Шинэ цэцэрлэг барих хэмжээний иж бүрэн засвар хийж, хүүхдүүдийн сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулан олон асуудлыг нэг дор цогцоор нь шийдэж чадсаныг Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийн хамт олон хэлж байна.
Ирэх онд Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийн хажууд 100 хүүхдийн өргөтгөл барилгыг барихаар зураг төсвийг боловсруулсныг уг цэцэрлэгийг нээх үеэр аймгийн удирдлагууд онцолж байлаа.

Д.Мишигсүрэн


相关新闻