Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-17 07:17:57

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийнэ.

Одоогийн байдлаар УИХ-д сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төсөл өргөн баригдаад байгаа ба тэдгээр  дөрвөн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгүүд өнөөдрөөс байнгын хорооны түвшинд орж ирж байна. Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнг сонсох юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд хуралдах аж.

Б.Туул

相关新闻