Дүйцсэн болон бичиг үсгийн сургалтад 516 суралцагч хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-22 09:30:21
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төвөөс өгсөн мэдээллээр  энэ жил сургалтын дүйцсэн болон бичиг үсгийн сургалтад хамрагдахаар 516 суралцагч бүртгүүлжээ.

Албан боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй сургуулийн насны хүүхдэд суурь боловсрол заавал олгох, бүх нийтийн ерөнхий боловсрол нөхөн эзэмших хүсэлтэй иргэдэд дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийн хүрээнд 51 хүн бага боловсрол, 224 хүн суурь боловсрол, 150 хүн бүрэн дунд боловсролын сургалтад суухаар болжээ. Тэдний 39 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Суралцагчдын 79 нь өдрөөр, 346 нь бие дааж суралцахаар болжээ.

Мөн бичиг үсгийн сургалтад 78 суралцагч хамрагдахаар бүртгүүлжээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад сургалтын дүйцсэн хөтөлбөрт хамрагдагсдын тоо 73 хүнээр их, бичиг үсгийн боловсролын сургалтад хамрагдагсдын тоо 13 хүнээр бага ажээ. Дээрх хүмүүст аймгийн Насан туршийн боловсролын төв, сургуулиудын албан бус сургалтын багш нар баталсан хөтөлбөрийн дагуу хичээл зааж, боловсролын бичиг баримт олгох юм.    

Харин аймгийн хэмжээнд бичиг үсгийн боловсролгүй хэдэн хүн байгаа талаар судалгаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Насан туршийн боловсролын төвөөс хараахан гараагүй байна. 

Ө.Нурболат

相关新闻