Мароккод олон хүн олны хөлд дарагдан амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РАБАТ. /Шиньхуа/. Марокко улсын өмнөд нутгийн Эс-Сувейра мужид тусламжийн хүнсний бүтээгдэхүүн тараах үеэр хүмүүс шахцалдан дайрсны улмаас 15 хүн олны хөлд дарагдан амиа алдаж, таван хүн гэмтэж бэртжээ.
“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, энэ хэрэг өчигдөр Эс-Сувейра мужийн Сиди-Булалам тосгонд болсон байна. Амиа алдсан хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд болон өндөр настнууд аж.
Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд тусламж дэмжлэг үзүүлэхийг Марокко улсын хаан VI Мохаммед холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.
Сүүлийн жилүүдэд ган гачгийн улмаас Марокко улс ургац алдаж, хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах болсон байна. Үүнтэй холбоотойгоор Хойд Африкийн энэ улсад, ялангуяа алслагдсан тосгодын оршин суугчдад төр болон хувийн хэвшлийн байгууллагууд үе үе хүнсний тусламж үзүүлдэг болсон аж.
Г.Доржханд