Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-17 14:11:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжыг сайжруулж, иргэдэд соёлтой үйлчилгээ хүргэхийг Хотын дарга С.Батболд өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр холбогдох албаныханд үүрэг болгов.

Өглөө болон оройн цагаар нийтийн тээврийн ачаалал нэмэгдэж, иргэдийг удаан хүлээлгэх тохиолдол элбэг байгаа юм. Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед дээрх асуудал нь иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа билээ. Тиймээс Хотын дарга “Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, өглөө оройн ачаалал ихтэй үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах”-ыг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчийн нэг, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгжийн 937 тээврийн хэрэгсэл 87 чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Дээрх тээврийн хэрэгслүүд өдөрт 600-700 мянган зорчигч тээвэрлэдэг бөгөөд оргил ачааллын үе буюу 17.00-21.00 цагт тээврийн хэрэгслийн тоог нэмэх зохицуулалт хийн ажиллаж байгаа юм.

Ч.Ариунболд
相关新闻