Сургуулийн өргөтгөлийн 2.2 сая еврог Засгийн газраас хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, технологийн салбарын инженер, боловсон хүчнийг бэлтгэж буй Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхоныг цаашид кампус болгож өргөтгөхөд шаардлагатай 2.2 сая еврог Монголын Засгийн газраас хүсэв.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд, УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар Налайх дүүрэгт ажиллав. Тэд эхлээд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд зочилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сургуулийн захирал Н.Дорждэрэм “Германы инженер, техникийн боловсролыг онол, дадлага хослуулан зааж чадварлаг монгол инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хувь нэмрээ оруулах манай сургууль Монголын хамгийн залуу, хамгийн орчин үеийн сургууль. Ирэх онд анхны төгсөгчдөө ажил олгогчдод хүлээлгэж өгнө. Оюутнууд маань “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Вагнер Ази” зэрэг томоохон компаниудад дадлага хийж, тэдгээр компаниудын зүгээс дадлагын хугацааг сунгаж ажиллуулах хүсэлт тавих зэргээр оюутнуудын чадварыг үнэлж эхэлсэн” хэмээн танилцуулгадаа дурьдлаа.
Урсгал зардал нь улсын төсвөөс санхүүждэг, төрийн өмчийн сургууль бөгөөд сургуулийн барилгыг барьж байгуулах талаар Герман Улсын Канцлер Ангела Меркель болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар 2011 онд тохиролцсоны дагуу 2013 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулжээ.
2014 оны есдүгээр сараас бакалаврын хөтөлбөрөө эхлүүлсэн байна. Салбар бүрт өндөр чадвартай инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэн нийлүүлэх тус сургуулийг үйл ажиллагаагаа явуулахад Герман улсын Засгийн газар бүх талаар тусламж, дэмжлэг үзүүлдэг бөгөөд англи, герман хэлээр хичээлээ заадаг байна. Багш нарын тал хувь нь Герман улсаас ирсэн.
Сургуулийн хотхоныг цаашид кампус болгож өргөтгөхөөр зорьж, үүнд шаардлагатай 9.2 сая еврогоос 7 саяыг нь Германы талаас гаргахаар болсон. Үлдсэн 2.2 сая еврог Монголын Засгийн газраас хүсч буйгаа сургуулийн удирдлага танилцууллаа. Мөн Монголын талаас улс төрийн бодлогын дэмжлэг маш чухал байгаа хэмээв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд сургуулийн удирдлагуудаас асуулт асууж, хариулт авсныхаа дараа хэлсэн үгэндээ 21 дүгээр зууны Монгол Улсад уул уурхай, технологийн салбарын хөгжил чухал нөлөө үзүүлнэ. Цаашдаа энэ хотхонд манай улсын инженерчлэлийн салбар ч төвлөрөх бүрэн боломжтой. Тиймээс Уул уурхайн салбарын инженер, техникийн өндөр мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх төрийн бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулан, боломж бүрийг ашиглаарай хэмээн захиад УИХ, Засгийн газрын түвшинд шаардлагатай санхүүжилтийг шийдэх зэргээр бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдэв.
Мөн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт сургуулийн кампус барих газрыг шаардлагатай хэмжээгээр шийдэх чиглэл өгч, сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах, чанартай боловсон хүчин бэлтгэхэд бүх талаар тусламж, дэмжлэг үзүүлж байгаа Герман Улсын холбогдох хүмүүст талархал илэрхийллээ.
Мөн энэ үеэр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч М.Фернау хэлсэн үгэндээ “Үлгэр жишээ төсөл болж байгаа гэж бид энэхүү төслийг дэмждэг. Элчин сайдын яамны ажилтны хувьд энэ сургуулийг чадварлаг мэргэжилтэн бэлтгэж байгааг үнэлж байна” хэмээлээ.
Сургуулийн оюутнуудын төлөөлөл мөн сургуулийнхаа талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.Тэд "Манай сургууль англи, герман хэлээр хичээлээ заадаг учраас дадлага хийхэд хэлний бэрхшээл гараагүй, олон улсын түвшний хүмүүстэй ойлголцож ажиллаж чадаж байсан" хэмээн ярилаа.
Энэхүү чөлөөт уулзалт, ярилцлагын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд энэ чухал төслийг Монголд оруулж ирэхэд тэргүүн эгнээнд явсан хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэмээн онцолсон юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд сургуулийн номын сан, анги танхимаар орж, лабораториудад оюутнууд туршилт, судалгаа хийж байгаатай танилцлаа. Боловсруулалтын лабораторт Инженерийн факултетын төгсөх курсийн дөрвөн оюутан гэрийн яндангаас ялгардаг нүүрсний хорт утааг цэвэршүүлэх туршилт хийж байв. Оюутнууд “Судалгааны ажил, туршилтаа дуусгаж байна, удахгүй хэрэглээнд нэвтрүүлнэ. Практик туршилт явуулах гэрээ бариад бэлтгэчихсэн” гэж байв.
Н.Туяа