Үлэг гүрвэлийн мөрийг газар дээр нь хамгаалж, хээрийн музей байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгээс өнөөдөр "Хүннү молл"-д зохион байгуулсан "Нээлттэй хаалганы өдөр"-ийн үеэр одоогоос 70-80 сая жилийн өмнө тамгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн мөрийг Өмнөговь аймгаас 2016 онд илрүүлж улмаар хээрийн музейн бүтээн байгуулалтын ажлыг хийж ашиглалтад орууллаа" хэмээн ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Үлэг гүрвэлийн мөр судлаач Б.Майнбаяр онцлов.
Тэрбээр хэлэхдээ, “Монгол орны хувьд үлэг гүрвэлийн судалгаа шинжилгээний түүх 1920-иод оны үеэс эхлэлтэй. Түүнээс хойш судлаачид дангаараа болон хамтарсан олон судалгаа хийсний дүнд дэлхийд олдвор цуглуулгаар айргийн тавд багтаж байна. Мэргэшсэн судлаачдын хувьд хамгийн өндөр настай нь Б.Ринчин гуайн хүү 84 настай Р.Барсболд, хамгийн залуу нь сургууль төгсөөд орж ирсэн судлаачид гээд үлэг гүрвэлийн чиглэлээр судалгаа хийдэг 18 судлаач бий. Манай хүрээлэн 2017 онд үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг тогтоон байгалийн шинжлэлийн өндөр шүүлттэй, тэргүүлэх “Nature” сэтгүүлд хэвлүүлсэн. Бид дэлхийн сээр нуруутны палеонтологийн судалгааны хамгийн гайхамшигтай, сонирхол татсан олдворт газрын нэг Өмнөговь аймгаас Шар цав хэмээх судалгааны үл хөдлөх, биет өвийг газар дээр нь хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Үлэг гүрвэлийн мөр дээрх хээрийн музейн бүтээн байгуулалтын ажлыг хийж ашиглалтад орууллаа. Олон төрлийн үлэг гүрвэл явж өнгөрсөн зам мөр, нэг дор хадгалагдан үлдсэн гэдгээрээ дэлхийд ховор юм. Удахгүй олон нийтэд албан ёсоор танилцуулна” гэлээ.

2015 онд "Хүннү молл"-д нээлтээ хийсэн “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг энэ өдөр иргэдэд үнэ төлбөргүй үзэх боломж олгов. Үзэсгэлэнгийн танхимд 75-125 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн 55 төрлийн 100 гаруй олдвор олны хүртээл боллоо. Махан идэшт үлэг гүрвэл Тарбозавр батаарын бүтэн яс, үлэмж биет нугас хошуут Завролоф, Тарбозаврын зулзаганы толгой, өндгөө дарж буй үлэг гүрвэл, усны махчин мөлхөгч зэрэг ховор сонин үзмэрийг үзэх боломжтой. Олны анхаарлыг их татдаг “Үлэг гүрвэлийн тулаан” гэх олдвор 1971 онд Өмнөговь аймгийн нутгаас олдож байв.

“Монгол орон эртний шим ертөнцийн чулуужсан олдвор, ялангуяа үлэг гүрвэлийн судалгаагаар дэлхийд тэргүүлдэг. Палеонтологийн судалгаагаар бий болсон шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтийн танин мэдэхүйг дээшлүүлэх зорилгоор Үлэг гүрвэлийн музейг цэцэрлэгийн насныханд үнэ төлбөргүй үзүүлдэг бөгөөд сард 400-500 хүнд үйлчилдэг” хэмээн ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан Г.Энхтуул ярилаа.
Энэ үеэр ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн номын үзэсгэлэн худалдаа, Монгол орноос олддог палеонтологийн олдвор, үлэг гүрвэлийн тухай сонирхолтой баримтат киног үзүүлсэн юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабаал