Булган сумынхан эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-14 09:36:11
Ховд /МОНЦАМЭ/ Засгийн Газрын 199 дугээр тогтоол, Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлийн 204 дүгээр тогтоолоор 10,0 мянгаас дээш хүн амтай хот суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээг 50 хувь хөнгөлж байгаа билээ. Харин энэ хөнгөлөлтөд Ховд аймгийн Булган сумын ард иргэд хамрагдаж чадахгүй болжээ.
Булган сум бодит байдал дээр 10,0 мянга гаруй хүм амтай бөгөөд энэ тухай сумын Засаг дарга танилцуулж байсан ч аймгийн Статистикийн газраас судалгаагаар Булган сум 9704 хүн амтай гэж гарчээ. Иймээс дээрх хөнгөлөлтөд хамруулах боломжгүй гэсэн албан бичгийг аймгийн Эрчим хүчний Цахилгаан Түгээх Сүлжээ компанийн захирал Ш.Арстан Булган сумын ЗДТГ-т явуулжээ.
Засгийн газраас ард иргэддээ олгож байгаа эрчим хүчний хөнгөлөлтийн тариф эдлэхэд 300-аад хүний тоо дутсан Булган сумын ард иргэдийн эрх ашиг ийнхүү хохироход хүрч байна.
Баруун талаараа БНХАУ-тай, Хойд талаараа Баян-Өлгий аймгийн Булган сумтай, зүүн ба өмнөд талаараа Үенч сумтай хиллэдэг, 8105 кв км талбай бүхий нутаг дэвсгэртэй, 10000 шахам хүн амтай, 12 жилийн 1 дүгээр сургууль, Минжит Булган цогцолбор сургууль, сум дундын нэгдсэн эмнэлэг, Сарнай цэцэрлэг, Зэвсэгт хүчний 305 дугаар анги, Аврах гал унтраах 38 дугаар анги, Сум дундын шүүх, прокурор, Цагдаагийн хэлтэс, Нисэх онгоцны буудалтай, хилийн худалдааны Байтаг Ярантын хоёр боомттой, улсдаа хамгийн том гэгддэг сум юм.
Аймгийн эрчим хүчний Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК, Булган сумын удирдлагууд бичиг шидэлцэхээс илүү хүн амын тоог нөхцөл байдлыг газар дээр нь дахин нягталж, хүн амынхаа бүртгэлийг сайжруулах хэрэгтэй гэж сумын иргэд үзэж байна.
 
                                                                                                                                                             А.Бямбасүрэн
 
相关新闻