Айл өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-13 20:33:26
Баянхонгор / МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Гамшгаас урьчилан сэргийлэх газраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаарх үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион явуулжээ.
Тус арга хэмжээнд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз дөрөвдүгээр багийн идэвхтэн гишүүд, Баянхонгор эрчим хүч ЦТХХК-тай хамтран Гал түймэр унтраах, Аврах 16 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ажилласан байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Угалз дөрөвдүгээр багийн 3612 иргэн, 1126 айл өрхөд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийсэн бөгөөд илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөн туслах, сэрэмжлүүлэг хүргүүлэн ажиллажээ.
Мөн үеэр амжиргааны түвшингээс доогуур орлоготой, Угалз багийн иргэн Д.Цогжавхлан, С.Амаржаргал нарын гэрт "Их номин" барилгын материалын дэлгүүрийн хамт олон Цахилгааны иж бүрэн монтажны утас, разекта хандивлан Гал түймрийн эрсдлийг бууруулахад хувь нэмэр оруулсан байна. 
                                                                                                                                  Б.Мөнхзул
相关新闻