ДЦС-ийг өргөтгөснөөр 18.1 тэрбум төгрөг хэмнэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-13 18:18:40
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулаан цахилгааны төвийн хүчин чадлыг 48 МВт-аар өргөтгөх  төслийн ажил тун удахгүй дуусах гэж байна. Энэ сарын гурванд туршилтаа хийж 72 цагийн турш 48 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд  дөрвөн турбинаа залгаж туршжээ. Диспетчерийн Үндэсний төвөөс өгөгдсөн даалгаврын дагуу ачааллаа 12, 24, 36,48 МВт болгон өсгөж, ачаалалтай үеийн туршилт амжилттай өндөрлөсөн байна.
Тус төслийн зөвлөх Д.Батчулуун хэлэхдээ “ 48 МВт-ын ачаалал аваад турших явцад турбинуудын угсралт, туршилт тохируулгын ажил  боломжийн сайн хийгдсэн нь харагдаж байна. Зөрчил дутагдал харьцангуй бага байна. Ямар ч байсан бүх туршилтаа амжилттай давлаа. Турбинууд боломжийн сайн ажиллаж байгаа нь цаашдаа ч  саадгүй сайн ажиллах, төлөвлөгөөт даалгавраа бүрэн биелүүлэх боломжтой” гэлээ. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Дулааны цахилгааны төв нь өнөөдрийн байдлаар 2.5 МВт-ын хоёр ширхэг трубин ашиглаж байгаа бөгөөд дээрх төсөл хэрэгжсэнээр тус бүр нь 12 МВт-ын дөрвөн турбин ажиллаж нийт хүчин чадал нь 53 МВт болж өргөжиж байгаа юм.
Өргөтгөлийн үр дүнд "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь Эрчиим хүчний нэгдсэн сүлжээнээс авах цахилгаан, эрчим хүчний хэмжээ буурч зардал хэмнэгдэх юм. Тодруулбал, үйлдвэрийн эдийн засагчдын хийсэн тооцоогоор, эрчим хүчний зардлыг 18.1 тэрбум төгрөгөөр хэмнэж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс 18.361 тэрбум төгрөгийн орлого шинээр бий болж жилд 36.5 тэрбум төгрөгийн ашиг олно гэж үзжээ. Төслийн ажил энэ сард дуусч улсын комисс хүлээн авах гэнэ. 
Б.Оюун-Эрдэнэ


 
相关新闻