Чойбалсан хотынхон хоногт 5000 шоо метр ус хэрэглэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-13 16:35:21
Дорнод /МОНЦАМЭ/. Гадаа хүйтний эрч чангарч, орон сууц албан байгууллагууд халаалт дулаанд холбогдож байгаа энэ үед Дорнод аймгийн Чойбалсан хотын хувьд өвлийн бэлтгэл хэр зэрэг хангагдсан, түүнчлэн хүн ам, орон сууцны төвлөрөл ихтэй тус аймгийн усан хангамжийн асуудал ямар байгаа талаар “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Г.Баярсайханаас тодруулав.

-Ойрын өдрүүдэд цас их орж, хүйтрэх бололтой. Чойбалсан хотын хэмжээнд өвлийн бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Бид өвөлд бэлдэж 34 ажил төлөвлөснөөс 33 нь бүрэн хийгдэж 97 хувийн гүйцэтгэлтэй байна.
-Дорнод аймгийн хувьд ундны ус хатуулаг ихтэй дуулддаг. Танайхаас усыг төмөргүйжүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж эхлээд байгаа шүү дээ.
-Энэ онд Чойбалсан хотын төв шугамыг угаасан. Энэ 62 км шугамыг технологийн дагуу усны холимогоор угааж, цэвэршүүлсэн л дээ. Шугам хоолойг угааж цэвэрлэснээр усны зэв, бохирдол багасна. Манай цэвэр усны байгууламж нүсэр том, ус өөрөө их хатуулагтай. Төмөр шүүх станц гэж том байгууламж бий. Энэ маань хуучин социалист системийн үед оросууд барьсан эд. Төмөр шүүх байгууламжаас хүний эрүүл мэндэд тохирсон, стандартад нийцсэн ус шахагддаг. Харин тухайн өрхөд ус тасраад зэвтэй ус гардаг, хатуулаг ихтэй байдаг зэрэг нь дамжуулах хоолойн насжилт, бохирдол зэргээс шалтгаалж байгаа хэрэг.
2015 онд “Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г аймгийн ИТХ-аар батлуулсан. Энэ хүрээнд гэр хорооллын айлуудад хүрэх шугам хоолойг засах, тохижилтыг сайжруулах чиглэлээр бүх усан санг стандартын дагуу цэнхэр өнгөөр жигдрүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин ирэх онд “Усан сан -4” төсөл хэрэгжих юм. Энэ төслөөр насжилт өндөртэй орон сууцны босоо шугамуудыг солих ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Чойбалсан хотынхны хувьд цэвэр усны нөөц ямархуу байдаг юм бол, өдрийн хэрэглээ нь хэдий хэр вэ?
-Чойбалсан хот руу цэвэр усны байгууламжаас өдөрт 5000 шоо метр ус шахдаг. Энэ нь хэрэглээ ихтэйд ордог л доо. Цэвэр усны эх үүсвэрийн тухайд анх найман худагтай баригдсан бол одоо хоёр л худаг ажиллаж байна.
-Яг өнөөдрийн байдлаар танай байгууллага хичнээн айл өрх, албан байгууллагад үйчилгээ үзүүлж байна?
-Чойбалсан хотын 40 мянга гаруй иргэнд ус, дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байна. Манай аймаг бусад аймгаас илүү хотожсон, орон сууц ихтэй. Орон сууц ихтэйгээс гадна 513 аж ахуй нэгж, гэр хорооллын 26 мянга орчим иргэдийн ус, дулааны асуудлыг хариуцаж байгаа том байгууллага шүү дээ.
-Усны хомсдлын тухай сүүлийн жилүүдэд хүчтэй ярих боллоо. Чойбалсан хотын усны эх үүсвэр хэр хүрэлцээтэй байдаг юм бол?
-Ирэх оноос гүний эх үүсвэр нэмэх шаардлагатай болоод байгаа. Ард иргэд маань чандмань эрдэнэ болсон усаа арай л гамгүй хэрэглээд байна уу гэсэн харуусал төрдөг юм.  Дэлгүүрээс нэг литр цэвэр ус дунджаар 1200 төгрөгөөр авдаг гэж бодоход таны гэрийн цоргоноос гоожиж буй нэг литр ус 90 мөнгө шүү дээ. 90 мөнгөөр дэлгүүрээс юу худалдаж авч болох вэ гэж асуумаар санагддаг.
-Мэдээж юу ч авч хүрэхгүй шүү дээ.
-Тийм шүү дээ. Гэтэл хаа хамаагүй асгасаар л байна. Орон сууцны айлууд 90 мөнгөөр, харин гэр хорооллынхон нэг төгрөг 50 мөнгөөр ус авч байгаа. Гэр хорооллын иргэд маань өөрсдөө худгаас зөөдөг учраас харьцангуй ариг гамтай хэрэглэж, усны үнэ цэнийг мэдэрдэг. Харин орон сууцны айл бол хэд алхаад цорго нээгээд л боллоо.
-Усны үнэ орон сууц, гэр хороолол гэлтгүй адилхан байж болдоггүй юм уу. Тарифыг нэмбэл ариг гамтай хэрэглэх болов уу?
-Ус зөөвөрлөх, худаг ажиллуулах, тэнд ажиллаж байгаа түгээгч нарыг цалинжуулах гээд нэмэлт зардлууд шингээд гэр хорооллын иргэдийн усны үнэ арай өндөр. Усны үнийг адилтгах тухай ярьсаар өнөөдрийг хүрсэн. Ингэснээр иргэд усыг гамтай хэрэглэх, цаашлаад энэ салбарын ажилчдын цалинг ч нэмэх боломж бий. Гэвч бид дотооддоо шийдэж чадахгүй. Учир нь “Усны зохицуулах зөвлөл”, “Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар” зэрэг олон байгууллагаар дамжиж  шат дараатай яригдах асуудал юм. Энэ талаар “Усны зохицуулах зөвлөл”-тэй санал солилцож, иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байх талаас нь шийдэх боломжтой гэсэн үг.
Д.Дэлгэрмаа
相关新闻