Зудархаг байдал үүссэн тул цасны судалгаа хийж Засгийн газарт хүргүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-13 15:05:52
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/ 8-10 цэгт хур тунадасны хэмжээ, цас, мөсөн бүрхүүл, нягт зэргийг судалж Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.  Энэ сард тус аймагт таван удаа цас орж, цасны зузаан 30-40 см-т хүрээд байгаа юм. УЦУОШГ-ын дүгнэлтээр өнөөдөр Орхон аймагт зудархаг байдал үүсээд байгаа бөгөөд Засгийн газраас яаралтай мэдээлэл ирүүлэхийг хүссэн байна.

Өнгөрсөн амралтын өдөр орсон цасны улмаас зарим хэсэгт мөсөн бүрхүүл үүсч малчид руу зорчих зам, даваа хаагдаад байгаа юм. Иймд энэ долоо хоногт хаагдсан замыг яаралтай нээх, Зэвсэгт хүчний 186, 110 дугаар анги техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байх, ирэх бямба гаригт бүх нийтээрээ цас цэвэрлэгээнд гарахыг Засаг дарга хэлтэс, албадын дарга нар үүрэг болголоо.
Мөн 11 дүгээр сарын 12-нд гарсан Засаг даргын захирамжаар Орхон, Дарханы чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хаасан билээ. Тэгвэл өнөөдөр 10 цагт зам нээсэн ч цаашид авах арга хэмжээ их байгааг Засаг дарга шуурхай хуралдааны үеэр онцоллоо. Учир нь ирэх пүрэв гариг болон 21-нд дахин цас орж салхи 12-14 м/с хүртэл ширүүсэх гэнэ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн амралтын өдөр ОБГ, “Орхон АЗЗА” ТӨХК, Хот тохижуулах газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК зэрэг байгууллагууд Орхоноос Дарханы чиглэлийн авто замыг цэвэрлэж замын хөдөлгөөнийг хэвийн горимд нь шилжүүлсэн. Зөвхөн Хот тохижуулах газраас 136 ажилтан, зургаан машин дөрвөн цэгт ажиллаж 89,7 км замд 17 тонн давс,  16 м3 хайрга асгажээ.  Энэ жил цас их орох төлөвтэй байгаа тул машин техникээ нэмэгдүүлж байгаа ажээ. Тодруулбал, энэ долоо хоногт бага оврын хоёр машин ирэх гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻