Хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд орохыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын А/636 тоот захирамжаар энэ сарын нэгнээс 2018 оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Өвлийн халтиргаа гулгаа ихсэж байгаа энэ үед дээрх тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох нь жолооч болон бусдын амь насанд эрсдэлтэй гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ.
Хоёр болон гурван дугуйтаар замын хөдөлгөөнд оролцож авто осол гаргаж буй тохиолдол улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй байгаа юм. Тодруулбал, жилд дунджаар 300-400 тохиолдол бүртгэгддэг байна. Мөн мотоциклийн улмаас амь насаа алдагсдын тоо жилд 100-аас давжээ.
Б.Оюун-Эрдэнэ