“Орос дууг хэн сайн дуулах вэ” уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-05 12:32:06
Ховд /МОНЦАМЭ/ Монголоос ОХУ( хуучнаар ЗХУ)-д оюутан сургаж эхэлсний 95 жилийн ой болон Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Ховд их сургуулийн оюутан залуучууд, ЕБС-ийн сурагчид, Ховд аймгийн орос хэлтэй иргэдийн дунд Оросын соёлын өдрүүдийг зохион байгууллаа.
Ховд их сургуулийн Гадаад хэл, соёлын сургууль /ГХСС/-ийн Европ судлалын тэнхимээс зохион байгуулсан соёлын өдрүүдийн үеэр олон ажил зохион байгуулсны нэг нь “Орос дууг хэн сайн дуулах вэ”  уралдаан юм. Тус тэмцээнд орос хэлний ахмад багш, ЕБС-ийн сурагчид, Ховд Их Сургуулийн оюутнууд оролцож өргөн цар  хүрээтэй явагдлаа. Тэмцээний гоцлол дууны төрөлд  ахмад багш Р.Дагиймаа орос ардын дуу “Уральская Рябинушка” дуугаар нэгдүгээр байр, 11-р ангийн сурагч К.Еркежан “Прекрасное далеко” дуугаар хоёрдугаар байр, нэгдүгээр дунд сургуулийн 6а ангийн сурагч Н.Марал-Эрдэнэ “Катюша” дуугаар гуравдугаар байрын шагналын эзэд боллоо. Хамтлаг дууны төрөлд Прогресс дунд сургуулийн сурагчдын “Звезда” хамтлаг “Маленькая страна” дуугаар тэргүүлжээ. Тэмцээний шүүгчээр Ховд их сургуулийн хөгжмийн багш, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Ваша, Европ судлалын тэнхимийн багш М.Алтансувд, ОХУ-аас  тус аймагт урилгаар ажиллаж байгаа зочин багш Андрей Иккерт нар ажилласан байна.
Ховд их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн Европ судлалын тэнхимээс “Оросын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Ховд аймгийн ЕБС–ийн орос хэлний багш нар, Ховд аймаг дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, орон нутгийн орос хэлтэй иргэдтэй хамтын ажиллагаагаа сайжруулах, цаашид орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх боломж, арга замуудыг судалж ярилцах зорилгоор “Русский вечер” уулзалт, ярилцлага зохион байгуулсан байна.
Уулзалтад ГХСС-ийн захирал Т.Одончимэг, Алтайн их сургуулийн Орос хэлийг гадаад хэл болгон заах аргазүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Л.М.Дмитриева, ОШУС-ын төвийн Ховд аймаг дахь салбарын захирал Г.Нямаа болон ЕБС-ийн орос хэлний багш нар, ГХСС-ийн ЕС-ын тэнхимийн нийт багш нар оролцжээ.
Энэ үеэр “Орос шүлэг хэн сайн унших вэ” тэмцээний ялагч 12 жилийн II дунд сургуулийн сурагч Б.Барсболд, “Орос дуу хэн сайн дуулах вэ” тэмцээний ялагч Р.Дагиймаа нар мэндчилгээ дэвшүүллээ.
                                                                                                                                             А.Бямбасүрэн
相关新闻