Катар улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-01 16:56:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Катар улсаас Монгол улсыг хавсран суугаа элчин сайд Султан Аль Мансуриг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд Элчин сайд Султан Аль Мансуриг, “Монгол, Катар хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 19 жилийн хугацаанд амжилттай ажиллаж байгаа ч цөөн салбараар хязгаарлагдаж байгаа нь харамсалтай. Бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байна. Жуулчдыг ая тухтай зорчиход агаарын тээврийн асуудлыг шийдэх нь бидний эрхэм зорилго юм. Тиймээс агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулах, цаашид Чингис хаан олон улсын нисэх буудалтай хамтран “Катар airwyes”  нислэгийг эхлүүлэх сонирхолтой байна. 2020 онд Катар улсад дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно. хэмээв. Мөн тэрбээр Ж.Бат-Эрдэнэ сайдыг Катар Улсын Тээврийн сайд өөрийн орондл  айлчлахыг урьсаныг дамжуулав.

Ж.Бат-Эрдэнэ сайд Катар улсын тээврийн сайд  болон ноён Элчин сайдын мэндчилгээнд талархал илэрхийлээд  “Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жил үргэлжилж үр дүнгээ өгч байгаад баяртай байна.  Тухайлбал Катар улсын 10 сая ам долларын буцалтгүй тусламжаар баруун бүсийн авто замын  67 км замыг барьсан.Монгол улс далайн гарцгүй улсын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээвэр тэргүүн хэмжээнд тавигддаг. Тиймээс хоёр улсын агаарын тээврийн хэлэлцээрийг түргэвчлэхэд таньтай санал нэг байна.  Хөлбөмбөгийн дэлхийн аврагын тэмцээн эхлэхэд нислэг аль хэдийн жигдэрсэн байна гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдлээ.
Ч.Ариунболд
相关新闻