Мандах суманд дизель станц ажиллуулах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 15:31:49

Эрчим хүчний яамнаас Цагаан суваргын орд газрыг эзэмшдэг “МАК” компанид Дорноговь аймгийн Мандах суманд 70 мегаваттын дизель станц ажиллуулах санал тавьсан хэдий ч хараахан зөвшилцөлд хүрээгүй аж.

Хэрэв дизель станцыг ажилуулж чадвал нарны сэргээгдэх эрчим хүчний станцаа засварлаж цахилгааны алдагдал нөхөх маягаар хавсран ашиглах боломжтой гэж албаныхан тооцоолжээ.

Дорноговь аймгийн Мандах сум  төвийн эрчим  хүчинд  холбогдоогүй сэргээгдэх эрчим хүчээр гэрэл цахилгаанаар хангагддаг онцлог сум. Тус суманд 2007 онд 80 кв-ын хүчин чадалтай салхин станцыг Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний төвийн захиалгаар, дараа нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүчний шинэчлэл хийх төслийн хүрээнд БНСУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар 3.2 сая ам долларын хөрөнгөөр нарны цахилгаан станц барьсан ч үр дүн нь маруухан болж сумын төвийнхөн харанхуй нөхцөлд аж төрсөөр удаж байна. Харин  энэхүү станцыг засварлахаар Багануурын “Зүүн өмнөд бүсийн цахилгаан  түгээх сүлжээ“ төрийн өмчит компаниас  инженер техникийн ажилтан ирж ажиллаж байгаа тухай сумын Засаг дарга Н.Отгонбаяр  ярилаа. Мэргэжилтнүүд Нарны станцын батерей руу цэнэг дамжуулдаг найман тохируулагчийг засварлаж байгаа аж.

 

Х.Эрдэнэбулган

相关新闻