Архангайн нутгийн 15 хувьд мал өвөлжиж, хаваржих боломжтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-31 12:32:23
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан байна. Энэ тооцоогоор нийт нутгийн хоёр орчим хувьд бэлчээр нөөцтэй, 11 хувьд  бэлчээр хүрэлцээтэй, 34 хувьд  даац 1-3 дахин, 20 орчим хувьд 3-5 дахин, 33 орчим хувьд нь олон дахин хэтэрсэн гэсэн дүн гарчээ. Мөн нийт нутгийн 20 гаруй хувьд хэвийн, 80 хувьд  нь гандуу байна.

Өөрөөр хэлбэл нутгийн ердөө 15 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна. Харин нутгийн 85 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу учраас отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажилд эртнээс анхаарах шаардлагатай гэдгийг аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Архангай аймаг нийт 3.7 сая га бэлчээрийн талбайтай бөгөөд энэ жил бэлчээрийн нэг га-ийн дундаж ургац 1.9 цн байгаа ажээ. Өнгөрсөн жил бэлчээрийн нэг га-ийн дундаж ургац 3.6 цн байсан ба ургацын хэмжээ 3-5 цн байвал хэвийн гэж үздэг байна. Энэ өвөл Архангайд 19 сумын 101 багийн 7105 хот айлд 17.1 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.6 сая толгой мал өвөлжинө.
Б.Гэрэлт-Од
相关新闻