Аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-31 10:00:00
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан энэ сарын 30-ны өдөр болж,  аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах шийд гаргажээ.

Баян-Өлгий аймгийн ИТХ 39 мандаттай бөгөөд Монгол Ардын Нам 22, Ардчилсан нам 16 төлөөлөгчтэй юм. Ээлжит бус хуралдаанд МАН-ын 6, Ардчилсан намын 16, нийт  22 төлөөлөгч оролцож, 100 хувийн саналаар аймгийн Засаг даргыг огцруулахыг дэмжжээ.

Аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий 16 төлөөлөгч аймгийн Засаг даргыг хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах саналыг энэ сарын 16-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд өргөн барьсан юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид уг асуудлаар хуралдахаар хоёр удаа товлосон ч ирц бүрдээгүй учир ээлжит бус хуралдаан зарлаагүй байсан аж.

"Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэх" хуультай бөгөөд энэ хугацаа нь өчигдрөөр дуусгавар болж байсан учир ИТХ-ын ээлжит бус хурал хуулийн хугацаанд багтан хуралдаж дээрх асуудлыг хэлэлцжээ.

Мөн ээлжит бус хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжаныг Засаг даргаар томилохоор шийд гаргаж, Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.

Гэхдээ дээрх хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан болон Засаг дарга А.Гылымхан нар оролцоогүй байна.
Ө.Нурболат
相关新闻