Сурагчдын боловсруулсан төслөөс шилдгийг нь хөгжлийн хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд “Сэлэнгэ-2030” зорилтот төслийн уралдааны шалгаруулалт өнгөрсөн амралтын бямба гарагт явагдаж, Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори дөрөвдүгээр сургуулийн баг тэргүүллээ.
Сэлэнгэ аймаг 2030 онд хэрхэн хөгжиж, тогтвортой хөгжлийн зорилтуудад ямар хувь нэмрээ оруулж болохыг дунд сургуулийн сурагчид хэрхэн төсөөлж буйг илрүүлэх, ахлах ангийн сурагчдад тогтвортой хөгжлийн боловсрол олгоход чиглэгдсэн энэхүү төслийн уралдаан хоёр сарын турш зохион байгуулагдаж ийнхүү шилдгээ тодрууллаа.
“Сэлэнгэ-2030” зорилтот төсөл хэрэгжсэнээр Сэлэнгэ аймгийн төвийн сургуулийн сурагчдын тогтвортой хөгжлийн бодлого /ТХБ/-ын талаарх мэдлэг дээшилж, орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөвлөлтөнд сурагчдын оролцоо нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа юм. Төсөлд оролцож байгаа багууд “Тогтвортой хөгжил-2030” хүрээнд өөрийн орон нутагт шийдвэрлэж болох 1-3 зорилтуудыг сонгон авч, өнөөгийн нөхцөл байдлыг судлан шийдлийн хувилбаруудыг боловсруулсан төслөөрөө өрсөлджээ.
Багууд уралдаанд ирүүлсэн төслүүдээ нээлттэй хэлэлцүүлж, шийдэл төсөөллийн үзэсгэлэнгээ гаргасан байв. “Сэлэнгэ-2030” төслийн уралдаанд Сүхбаатар сумын төвийн долоон сургуулийн 10 гаруй багш, ахлах ангийн 70-аад сурагч оролцлоо. Шүүгчид долоон сургуулиас ирүүлсэн төслүүдийг тусгайлан боловсруулсан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэжээ
Ингээд Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори дөрөвдүгээр сургуулийн багийн төсөл тэргүүлж, шилдэг төслийн эзэд боллоо. Багийн ахлагч 10в ангийн сурагч А.Нандин-Эрдэнэ, “Манай баг Сэлэнгэ аймагтаа хүүхдийн урлан бүтээх төв байгуулах, нөгөө нь хог хаягдлыг багасгах гэсэн хоёр төсөл дээр дотроо санал хураасан. Тэгээд бид хүүхдийн хувь хүний хөгжлөөс илүү бидний хөгжих орчин илүү чухал юм уу гэж үзэн хог хаягдлын сэдвээ сонгож авлаа. Ингээд төсөлдөө “Хоггүй ирээдүйг бүтээх юмсан” гэдэг нэр өгсөн. Манай төсөл сургалт, судалгаа, сурталчилгаа гэсэн гурван үе шаттай явагдсан. Судалгаа, туршилтаа хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Олон улсын худалдааны төв, төмөр замын вокзалд явуулсан. Хогийг ангилж болох тусгай заавартай хогийн савыг долоо хоногийн хугацаатай байршуулсан. Энэ туршилтын үр дүнд хүмүүс яг зааврын дагуу ангилж хийсэн байсан. Эндээс харахад хогийн сав нь ялгах боломжтой тусгай заавартай, том хэмжээтэй байвал хүмүүс хогоо ангилж хаяж чадах юм байна гэж дүгнэсэн. Харин хүмүүсийн ангилж хаясан хогийг төвлөрсөн хогийн цэгт аваачиж хаяхдаа нийлүүлээд хаях юм бол энэ ямар ч үр дүнгүй ажил болно. Иймээс хогийг дахин боловсруулах үйлдвэр бий болгох хэрэгтэй. Энэ үйлдвэр бий болсноор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын нийт хогны 60 хувь нь дахин боловсруулагдаж гудамжинд тавих сандал, ширээ, гэрлэн бүрхүүл, хогийн сав хийх боломжтой. Манай төслийн багт 7-12 ангийн 33 хүүхэд оролцлоо. Энд 7 дугаар ангийн хүүхдүүд илүү идэвх санаачилгатай оролцлоо. Бидний төслийн ашиг хүртэгчид нь аймгийн хэмжээний нийт иргэд болж чадах, бас аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн шүүгчид манай төсөл шалгаруулсан” гэлээ.
Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн мэргэжилтэн Ц.Алтанбат, “Манай төслийн гол зорилго бол Сэлэнгийн хүүхдүүд 2030 оныг хэрхэн төсөөлж байгаагаа өөрсдийнхөө хэмжээнд төсөл болгоод аймаг орон нутгийнхаа удирдлагад танилцуулах явдал байлаа. Аймаг орон нутгийн удирдлагууд энэ хүүхдүүдийн ирүүлсэн төслүүдээс тогтвортой хөгжлийн зорилтууд болон орон нутгийн хөтөлбөрүүдтэй нийцэж байгааг нь сонгон аймгийнхаа орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Сэлэнгэ 2030” хөтөлбөрт оруулах зорилготой юм. Бид сургууль бүхнээс 10, 10 сургагч багш бэлтгэсэн. Багш нарын бэлтгэсэн хүүхдүүд энэ мэдлэгээ цааш багш, эцэг, эхчүүд, бусад хүүхдүүддээ түгээн дэлгэрүүлж байгаа. Төслийн хугацаанд хүүхдүүд бидэнд ямар өөрчлөлт шаардлагатай вэ гэдэг судалгааг хийсэн. Хүүхдүүд бүр хогийн цэг дээр хүртэл очиж судалгаа хийжээ. Маш идэвхтэй ажилласан байна” хэмээн ярилаа.
Тэргүүн байр эзэлсэн энэ санал, шийдлийг аймгийн хөгжлийн бодлогод тусган ТХБ төслөөс бодит ажил хэрэг болгоход нь дэмжлэг үзүүлэх юм байна.
Ч.Отгонцэцэг