Далд хэлбэрээр үйлдэгдэж байсан хүчирхийллийн хоёр тохиолдлыг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-24 18:20:32
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ынхан хүүхдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүл хамгаалал, архидан согтуурахтай тэмцэх, зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилттэй танилцах, хууль сурталчлах зорилгоор сумдад ажиллаж байна. Тэд эхний ээлжинд зургаан суманд ажиллаад иржээ. Энэ үеэрээ хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг судалж, улмаар далд хэлбэрээр явагдаж байсан хоёр хүчирхийллийг илрүүлж холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. 

Аймгийн ГБХЗХГ-аас Хүчирхийллийн эсрэг хамтдаа уриан дор “Эерэг хандлага-Эрүүл залуучууд” аяныг хоёр сарын хугацаанд зарлажээ. Дээрх хууль сурталчлах ажил нь энэхүү аяны хүрээнд хийгдэж буй юм. 
“Өмнө нь ийм төрлийн сургалтыг аймгийн төв дээр нэг сумаас 5-6 хүн авчраад нийт 50,60 хүнд хийгээд өнгөрдөг. Тэд ч сумандаа очоод сургалтаас авсан мэдээллээ бусдадаа түгээж чаддаггүй байсан. Тиймээс бид өөрсдөө тухайн сум орон нутагт нь очиж ажиллах нь илүү үр дүнтэй юм байна гэж үзсэн. Бид нэг суманд өдрийн турш ажиллаж хүүхэд залуучууд, эцэг эхчүүдтэй уулзалт хийж байгаа. Мэдээллийг сонсох гэж ирж байгаа хүмүүсийн тоо сум бүрт харилцан адилгүй байна. Энэ бол цэвэр удирдлагын зохион байгуулалттай холбоотой гэж харж байгаа. Ер нь хөдөө сумдад сургууль анги танхим гэр бүлийн хүрээнд дэх ялгаварлан гадуурхалт, хүүхдийн эсрэг гэмт хэрэг байнга явагдаж байдаг. Ихэнхдээ далд хэлбэрээр байдаг гэж болно. Тиймээс тухайн хохирогч хүүхэд сумандаа хэн нэгэнд хандаж чаддаггүй юм байна. Харин сая биднийг ажиллах үеэр яг ийм далд хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хоёр хүүхэд бидэнд хандаж, улмаар бид тухайн зөрчлийг илрүүлж холбогдох хуулийн байгууллагад шилжүүлээд байна. Энэ бол бидний ажлын нэг үр дүн. Сая зургаан суманд ажилласан. Оноос өмнө  үлдсэн сумдадаа ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Үүний дараа нэгдсэн байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг өгөх болно...” хэмээн аймгийн ГБХЗХГ-ын дарга О.Балжинням хэллээ. 

“Эерэг хандлага- Эрүүл залуучууд” аян 10 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. 
Т. Одончимэг 
 
相关新闻