Төрийн албан хаагчдын цалин нэмэхэд 55.4 тэрбум төгрөг зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-24 17:33:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээ маргааш буюу энэ сарын 25-ныг хүртэл түр завсарласан талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэв.
Өнөөдрийн хэлэлцээгээр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, бүх төрлийн татварын хэмжээг бууруулах, иргэдийн орлогыг нэмэх асуудлыг голлон хэлэлцжээ. Хэлэлцээрээр Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) болон МҮЭХ дээрх гурван асуудалд байр сууриа нэгтгэсэн хэмээн сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “Татвар нэмэх шийдвэрийг өмнөх Засгийн газар гаргасан. Тухайн үедээ МҮЭХ-ноос санал аваагүй нь 2017 оны нэгдүгээр сард баталсан хэлэлцээрийг зөрчиж байгааг бид ойлгож байгаа. Цаашдаа нийгмийн түншлэгч талууддаа хүндэтгэлтэй хандана гэдгээ илэрхийлж байна. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх ёстой гэдэгт Засгийн газар санал нэг байгаа. Гэхдээ цалин нэмэх хэмжээнд төсвийн орлого өсөх үү гэдэг асуудал тулгарна. Мөн Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гэж заасан. Тиймээс энэ гэрээг зөрчихгүйгээр цалин нэмэх боломж байгаа эсэхийг судална. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн банк, ҮСХ-той хамтран Монголын ядуурлын судалгааг танилцуулсан. Энэ судалгаагаар ядуурлын хэмжээ нэмэгдсэн нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг харуулж байна. Нөгөөтэйгүүр  төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдын цалингийн зөрүү 27.3 хувьд хүрчээ. Засгийн газар ОУВС-тай энэ өдрүүдэд хэлэлцээр хийж, зарим гэрээнд тодотгол хийх, ялангуяа төрийн албан хаагчдын цалинг нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнд ОУВС-тай байр сууриа нэгтгэж, 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөг суулгаж, төрийн өндөр албан тушаалтан, бүх шатны шүүгч, прокурор, яамдын Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтнуудын бодит орлогыг нэмэх болсон. Харин МҮЭХ 130 мянган хүний хүрээнд буюу зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагчдад 55.4 тэрбум төгрөгийг хувиарлах нь зөв гэсэн санал хэлсэн.
Түүнчлэн Засгийн газраас 2017 оны төсвийн тодотголд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 8 тэрбум төгрөг тусгасан. Үүнд нийт 250 мянган хүн хамарна гэсэн тооцоо бий. Өмнөх Засгийн газрын үед  бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох болсон тухай зарласан ч 2017 оны эхний 7 дугаар сард баталсан төсөв нь дууссан. Тиймээс Засгийн газар төсвийн тодотголд 104.5 тэрбум төгрөг нэмж тусгах санал гаргасан. Үүнийг шийдвэрлэж чадвал энэ оны 8-12 дугаар сар хүртэл бүх хүүхдийн мөнгийг олгож чадна гэж үзэж байгаа. Энэ бүхнээ өнөөдрийн хэлэлцээнийн үеэр МҮЭХ болон МАОЭНХ-нд мэдээлсэн.
2018 онд Засгийн газар тэтгэврийн хэмжээг нэмэх байр суурьтай байгаа. Мөн халамжийн сангийн төсвийг нэмэх, хүүхдээ асарч буй эхчүүдэд мөнгөн тэтгэмж олгох, малчдын тэтгэврийн насыг 5 насаар наашлуулах хуулийг хэрэгжүүлж эхлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ асуудлыг өнөө орой ОУВС-гийн төлөөлөлтэй уулзаж, эцэслэн шийдвэрлэх болно. Харин маргааш гурван талт үндэсний хэлэлцээрийг эцэслэхээр төлөвлөж байна” хэмээв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻