Даамчид Польш,БНХАУ-д болох тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-24 10:28:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын даамчид 10, 11 дүгээр сард болох олон улсын томоохон тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. 

Тухайлбал, энэ сард Польш улсын Дабки хотноо энэ сарын 28-наас 11 дүгээр сарын 5-нд зохион байгуулах өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ. 

Мөн  ирэх сарын 9-14-нд БНХАУ-ын Жиангин хотод болох "Нэг бүс-нэг зам" олон улсын тэмцээнд өсвөрийн баг болон насанд хүрэгчдийн ОУИМ Г.Ганжаргал ахлагчтай баг оюун ухаанаа уралдуулна. Тус тэмцээнд оролцох тамирчдын бүх зардлыг Хятадын даамын холбооноос санхүүжүүлэх юм.

Тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2017 оны улсын аваргууд болох ОУИМ Г.Ганжаргал, спортын мастер Е.Ариунзаяа, U10 насны ангиллын шилдэг даамчин Б.Баасанбар, Н.Лхагвадолгор нар багтжээ.

"Нэг бүс-нэг зам" тэмцээний дараа ОУИМ Г.Ганжаргал, СМ Е.Ариунзаяа нарын тэргүүтэй даамчид Лишуй хотноо болох Хятадын нээлттэй олон улсын тэмцээнд оролцоно.

Д.Өлзий
相关新闻