Нөхөн сэрээлт хийж буй компаниуд гол усны голдирол өөрчилсөн зөрчил гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-10-24 09:22:45
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Ховд аймгийн Алтай, Цэцэг сумдын нутагт иргэдийн хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэрээлтийг хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. 
Шалгалтын хүрээнд Ховд аймгийн Алтай сумын нутагт Бодончийн хөндийн Улаан богоч нэртэй эвдэрсэн газар нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр гэрээ байгуулсан “Блю гоулд” ХХК, хайгуулын ажил хийж байгаа “Талст молор” ХХК,  Цэцэг сумын Баян овоо багийн нутаг Цагаан эрэгт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа “Өгөөжтэй өв” ХХК, “Топ монтайнг”ХХК, “Мөнх цагаан сувд” ХХК, “Зэт Кэй Эй экспресс” ХХК, “Грийн хоум ланд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.
Тус шалгалтаар Цэцэг сумын Баян овоо багийн нутаг Цагаан эрэгт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд гэрээнд заасан хугацаанд тухайн газрын нөхөн сэргээлтийг дуусгаагүй, зохих зөвшөөрөлгүйгээр  голын усны голдирол өөрчилсөн, ашигласан бохир усаа голын усруу шууд нийлүүлж гол бохирдуулсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Дээрх таван аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, зөрчлийг арилгуулахаар үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
А.Бямбасүрэн
相关新闻