Өмнөговийн хүүхдүүд чуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Хүүхэд хөгжлийн түлхүүр аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 15 сумын хүүхдийн төлөөлөл 170 гаруй хүүхдийг оролцуулсан “Хүүхэд бидний” чуулганыг зохион байгуулж байна. Тэд аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үзэл бодлоо илэрхийлж, цаашид ямар ажил, арга хэмжээг хэрэгжүүлвэл зохих мөн өөрсдийн өмнө тулгамддаг асуудал бэрхшээлээ ярилцаж байгаа ажээ.
Тус аймагт хүүхдүүд рүүгээ хандсан олон ажлуудыг хийж байгаа юм. Тухайлбал англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх “Англи хэлтэй Өмнөговь”, монгол зан заншлаа дээдлэн шүтдэг, зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх “Хүүхэд хөгжлийн түлхүүр”, математик сэтгэлгээг хөгжүүлэх “Оюуны хурд” хөтөлбөрүүдийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнг нь хүртэж байгаа билээ.
Мөн чадварлаг багш нарыг урилгаар багшлуулах, хөдөлмөр зусланг ажиллуулж хүүхдүүдийг хөдөлмөрт сургах, гадаад багш нарын дэмжлэгтэйгээр хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгоход анхаарч байна. ЭЕШ-д өндөр оноог авсан багш сурагчдыг урамшуулан дэмжиж байгаа нь говь нутгийн ирээдүй болон хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж байгаагийн илрэл юм.
Хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгохын тулд сар бүрийн 4 дэх долоо хоногийн Даваа гаригийг Өмнөговьчууд хүүхдээ сонсох өдөр болгон хүүхэд залуустайгаа хамтран ажиллаж байна.
Д.Мишигсүрэн