Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Бид хамтдаа чадна" аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-19 14:47:07
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр"-ийг угтан Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, ХБИНТББ зэрэг байгууллагууд хамтран "Бид хамтдаа чадна" нэг сарын аян өрнүүлж байна. Аяны үйл ажиллагааг нээж, Нээлттэй хаалганы өдөрлөгийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийлээ.
"Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллаж буй ТББ нь өөрийн гэсэн байргүйгээс үйл ажиллагаа явуулж, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсаар ирсэн. Тиймээс аймгийн Засаг дарга 2018 онд ХБИ-ийн байрны зураг төслийг хийлгэж, 2019 онд уг барилгыг эхлүүлэхэд анхаарч ажиллана" гэдгээ нээлттэй хаалганы өдөрлөгт оролцох үеэрээ аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэллээ.
“Бид хамтдаа чадна” өдөрлөгийн хүрээнд ХБИ-дэд үзүүлэх халамжийн үйлчилгээ, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, арилжааны банкуудын тэтгэврийн зээлийн талаар танилцуулав. Мөн  шийдвэр гаргагчид цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй 3134 ХБИ байгаа нь аймгийн нийт хүн амын 3.7 хувь нь юм. Тиймээс энэ жилийн аянаар эдгээр иргэдийн эрүүл мэндийн үзлэг оношлогоонд мониторинг хийх, ХБИ-ийн шинэчлэн найруулсан хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хэрэгжилтийн талаар дүгнэлт гаргах, ХБИ-ийн эрхийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
                                                                                                                                                             Б.Мөнхзул
相关新闻