Монголын Тусгай олимпийн наадамд 230 тамирчин өрсөлджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-18 11:22:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотноо энэ сарын 13-15-нд Монголын Тусгай олимпийн үндэсний наадам амжилттай болж шилдгүүдээ тодруулсан юм.

Тус наадамд нийт 9 аймаг, Улаанбаатар хотын 4 тусгай сургуулийн багаас бүрдсэн нийт 230 тамирчин оролцжээ. Хүн төрөлхтөний хамгийн том хүмүүнлэгийн болон спортын хөдөлгөөнийг дэмжсэн наадам нь Тусгай олимп юм. Дэлхий дээр ойролцоогоор 200 гаруй сая оюуны хомсдол буюу оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг.

Энэ бүх хүнд хүрч үйлчлэх эрхэм зорилготой олон улсын байгууллагад Монгол Улс албан ёсоор гишүүнээр элсээд 10 шахам жил болжээ. Өнөөдрийн байдлаар Монголын тусгай олимпийн хороо нь 11 аймаг, Улаанбаатар хотын тусгай сургуулиудын 2000 гаруй тамирчин, 70 дасгалжуулагч, 1000 гаруй эцэг эх, 200 гаруй сайн дурынхныг хамруулаад байна


.
Манай улсын баг тамирчид тусгай олимпийн  дэлхий, бүсийни болон үндэсний хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа юм. Тусгай олимпийн зорилго нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг тасралтгүй спортын бүхий л төрлөөр хичээллүүлж, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, урам дэм өгөх, бидний адил эгэл нэгэн иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах, өөрсдийн авъяас чадвар, туршлага зэргийг нь хуваалцахад оршдог.

Мөн Тусгай олимпийн эрхэм дээд үзэл санаа нь хүн бүхэн нийгэмд эрх тэгш зэрэгцэн амьдрах ёстой гэдгийг эрхэмлэдэг байна.

Дашрамд дуулгахад, Оюуны хомсдол нь хүн амын дунд ихээхэн тархсан ухаан хомсдох өвчин, эмгэг бөгөөд зөвхөн эрүүл мэндийн төдийгүй сурган, сэтгэл судлал, эрх зүй, нийгмийн халамж үйлчилгээний бодлогын төвд байдаг нарийн түвэгтэй асуудлын нэг юм. Оюуны хомсдол гэдэг нь оюун ухаан хомсдох олон янзын өвчнийг нэрлэсэн ерөнхий нэр бөгөөд энэ нэрийг анх 1915 онд Германы эрдэмтэн Э.Крепелин өгчээ. Оюуны хомсдол хүн төрөлхтний дунд нилээд түгээмэл тархсан эмгэг бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан мэдээгээр аль ч оронд хүн амын 1-3 хувь нь оюуны хомсдолын ямар нэг хэлбэртэй байдаг гэжээ.
Д.Өлзий
相关新闻