Манай бөхчүүд Эрхүүгээс гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-17 10:48:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрхүү хотноо болсон ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучууд болон эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээнээс манай тамирчид долоон медаль хүртжээ. 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон энэ тэмцээний өсвөр үед 2001-2003 онд төрсөн 14-16 насныхан, залуучуудын тэмцээнд 1998-2000 онд төрсөн 17-19 насны тамирчид ур чадвараа сорьжээ. Дөрөв дэх удаагаа болсон тус тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Красноярск, Буриад, Новосибирск, Кемеровогийн 160 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Манай улсаас дасгалжуулагч П.Чулуунбаатар, Э.Батмөнх, Ц.Ганзориг нараар удирдуулсан 18 тамирчин оролцож гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. ЧД-ийн тамирчин Б.Энхзул 46 кг-д, Н.Анударь 55 кг-д, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клубын тамирчин Д.Цогзолмаа 69 кг-д тус тус алт, ЧД-ийн тамирчин Б.Энхцэцэг 55 кг-д, Б.Энхтүвшин 59 кг-д, Өмнөговь аймгийн тамирчин Ө.Одбаг 70 кг-д тус тус мөнгө, “Говийн бөх” клубын Т.Мянганбаяр 69 кг-д хүрэл медалийн эзэд болсон байна.

Д.Өлзий
相关新闻