Цэрэг татлага энэ сарын 20-ноос эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-10-16 11:29:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Намрын цэрэг татлагыг энэ сарын 20-22-ны өдөр зохион байгуулах юм байна.  Одоогийн байдлаар цэргийн зарлан дуудах хуудсыг  94.5 хувьтай хүргээд байна хэмээн Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдааны үеэр албаныхан тодотгов.
Энэ үеэр Нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр цэрэг татлагын үйл ажиллагаатай холбогдуулан бэлэн байдлыг хангаж хариуцлагатай ажиллах үүрэг даалгавар, тодорхой чиглэл өглөө.
Энэ жилийн цэрэг татлагыг Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн дагуу зохион байгуулах бөгөөд эл хуулиар иргэд хоёр удаа цэрэгт татагдах, цэргийн алба хаасан иргэдийн ажлын байр хадгалагдан үлдэх, эргэж ажилдаа томилогдох хуулийн заалтууд бий.
 Дашрамд дурдахад  цэргийн албанаас халагдан ирж буй иргэддээ ажлын байр танилцуулах арга хэмжээг  бүх дүүргүүд дээр зохион байгуулах аж.

Б.Заяа
相关新闻