Төв аймаг 16 сумын 200 мянган үхрийг вакцинжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-15 20:09:06
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг сумаас 45 км Алтан овоо гэдэг газар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч хорио цээрийн дэглэм тогтоон, 80 гаруй үхрийг устгалд оруулж, 23 мянган үхрийг вакцинд хамруулахаар ажиллаж байна. Нэмж өвчлөл гараагүй гэж аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албанаас мэдээлэв. 

Төв аймагт шүлхий өвчин долоодугаар сарын 21-ээс хойш Сэргэлэн, Алтанбулаг сумдад малын гоц халдварт шүлхий оношлогдсон. Өнөөдрийн байдлаар Алтанбулаг сумын Сүжигтийн аманд намаржиж байсан хоёр айлын малд гарсан өвчлөл намжмал байдалд байгаа бол Сэргэлэн сум Бөхөгийн голд гарсан шүлхий өвчин зогсож, хорион цээрийн хязгаарлалтын дэглэм энэ сарын 2-нд цуцлагдаад байна.

Хоёр сар гаруй хугацаанд тус бүс нутагт намаржиж байсан Баянхангай, Баянцогт, Угтаалцайдам, Жаргалант сумын малчин айл өрхүүд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахаар Баянцогт сумын дөрөв, Угтаалцайдам сумын нэг, Баянхангайн сумын 10 өрх нийт 25 мянган малтайгаа тусгай маршрутын дагуу ариутгалд хамрагджээ. Мөн очсон тухайн сум орон нутгийн төр захиргааны байгууллага, мал эмнэлэг үржлийн тасгийн хяналтын доор 14 хоногийн хязгаарлалтын дэглэмд байх юм.

Түүнчлэн "Хамгаалалтын зурвас вакцинжуулалт"-ыг Батсүмбэр, Баянчандмань, Аргалант, Баянцогт, Баянхангай, Баян-Өнжүүл, Алтанбулаг зэрэг сумдад хийж байна. Шүлхийн вакцины дархлаа 14-21 хоногийн тодор тогтдог бөгөөд зургаан сарын дараа давтан вакцинжуулалтад хамрагдана 

Үүний зэрэгцээ, ОХУ-аас нэг сая тун вакцин орж ирснээс Төв аймаг 16 сумын 200  мянган үхрийг вакцинжуулах юм. Одоогоор уг вакцинаар 16 сумын мал вакцинжуулалт 65 хувьтай явагдаж байна. Удахгүй хүйтэн орохоос өмнө дуусгахаар аймгийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, ХХААГ-аас хяналт тавин ажиллаж байна хэмээн аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга Б.Болдбаатар хэллээ. 
 
Т.Төмөр
相关新闻