Хавх хураах аянд Баян-Өлгий аймаг тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас зохион байгуулсан хавх хураах болзолт уралдаанд иргэдээс 379 хавх цуглуулсан үзүүлэлтээр тэргүүн байранд шалгарчээ.
Тус уралдааныг "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай" аяны хүрээнд зарлажээ.
Харин Увс аймаг 120, Ховд аймаг 100 хавх хураасан амжилтаар удаах байруудад орсон байна. Тус аян нь өнгөрсөн сарын 11-нээс энэ сарын 10-ны өдөр хүртэл Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад нэгэн зэрэг зохион байгуулагджээ.
Монгол Улсын Амьтны тухай хуульд хавх, урхи зэргийг агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгслийн жагсаалтад багтаасан байдаг юм. Иймд байгаль, экологид учирч буй хор хөнөөлийг багасгах, ан амьтдыг хамгаалах ажилд иргэдийг идэвхтэй оролцуулах үүднээс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хүмүүсийн тушаасан хавх тус бүрийг 10 мянган төгрөгөөр тооцож урамшуулжээ.
Зохион байгуулагчид аянд амжилттай оролцсон тус газрыг туулах чадвартай 3 мотоциклоор шагнасан байна.
Ө.Нурболат