Цуурч А.Енбекийн бүтээлийн ном Казахстанд хэвлэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Цуурч Абдолдагийн Енбекийн тоглосон хөгжмийн аянуудыг /нотыг/ багтаасан ном Казахстан Улсад хэвлэгдэн гарахаар болжээ.
Уг ажлыг цуурчны албан ёсны зөвшөөрлөөр тус улсын С.Хурмангазын нэрэмжит Урлагийн академи зохион байгуулж байгаа аж. Удахгүй нээлтээ хийхээр бэлтгэж буй уг номонд А.Енбекийн өөрийн туурвисан "Эх булаг", "Таван богд", "Жороо", "Хүслэн" зэрэг бүтээлүүд, Асан хайгын "Желмая" болон "Ертисийн давалгаа", "Жороо баавгай", "Шар ат" зэрэг ардын аялгуу гээд нийт 12 бүтээл орсон байна.
Хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн гэх модон цуур буюу "сыбызгы"-г А.Енбек 18 настайдаа тоглож сурчээ. Тэдний удмынхны дотор аавынх нь ах С.Камалхан зартай цуурч байсан бөгөөд ах А.Арстан ч цуур татдаг байжээ. Тэрээр 2009 онд цуур хөгжмийн уламжлалт урлагийг ЮНЕСКО-д дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгүүлэх үйл ажиллагаанд "Эх булаг", "Ертисийн давалгаа"-г тоглон оролцсон байна.
Одоо энэ чиглэлээр 3 шавь бэлтгэж, үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгож байгаа ажээ.
Ө.Нурболат