Эрүүл мэндийн салбарын төсвийг батлахдаа хүн амын тоог харгалзах цаг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт нэг их эмчид ногдох хүний тоо улсын болон баруун бүсийн дунджаас өндөр байгаа нь их эмчийн хүрэлцээ, хангамж муудаж, эмнэлгийн үйлчилгээг хүн бүрт жигд, хүртээмжтэй, чанартай үзүүлэх зарчим алдагдахад хүргэж байна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Одоогоор тус аймагт дунджаар нэг их эмчид 614 хүн ногдож байгаа аж. Тухайн үзүүлэлт сумдад харилцан адилгүй бөгөөд Алтанцөгц, Бугат, Улаанхус, Сагсай сумдад аймгийн дунджаас 2,6-4,4 дахин их байна. Харин улсын хэмжээнд нэг их эмчид дунджаар 325, баруун бүст 478 хүн ногдож байгаа нь уг асуудалд анхаарах цаг болсныг харуулж байна хэмээн Эдийн засгийн хөгжил сургалт, судалгааны төвийн судлаачид дүгнэжээ. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн К.Амалханаас тодруулахад: "Нэг их эмчид ногдох хүний тоо их байгаа нь үнэн. Манай улсад эрүүл мэндийн салбарын төсвийг батлах явцад хүн амын тоог харгалзан үздэггүй. Зөвхөн нутаг дэвсгэрийн нэгжийн тоог үндэслэн төсөв, орон тоог баталдаг. Жишээлбэл, Баян-Өлгий аймаг 100 мянга, Говь-Алтай аймаг 56 мянган хүн амтай. Энэ хоёр аймагт ажиллаж байгаа их эмчийн тоо маш ойролцоо байна. Түүнчлэн есөн мянган хүн амтай Баян-Өлгийн Улаанхус сум болон 1,3 мянган хүн амтай Говь-Алтай аймгийн Тайшир сумын Эрүүл мэндийн төвд адилхан төсөв ирдэг. Адилхан тооны их эмч үйлчилгээ үзүүлдэг. Төсөв, бүтэц орон тоог батлахдаа хүн амын тоог харгалзан үзэх асуудлыг олон жил дээшээ тавьж байгаа ч биелэгдэхгүй байна. Тухайн асуудлыг саяхан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус аймагт ажиллах үеэр ч танилцуулсан" хэмээлээ.
Дашрамд хэлэхэд, Баян-Өлгий аймагт нэг нэгдсэн эмнэлэг, дөрвөн өрхийн эрүүл мэндийн төв, хоёр тосгоны эрүүл мэндийн төв, есөн сумын эмнэлэг, гурван сум дундын эмнэлэг, таван хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр байгууллагуудад 186 их эмч ажиллаж байна.
Ө.Нурболат