Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг хэвшүүлэх аянд Чингэлтэйн залуус нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-10-09 16:03:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн хүн амын 34 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газраас Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг залуусын оролцоотой нэрлэсэн байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээх аянд Чингэлтэй дүүргийн залуус нэгдлээ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эрдэнэ тав баг” төрийн бус байгууллагатай хамтран “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяныг өнөөдрөөс эхлүүлж буй юм. Чингэлтэй дүүргийн 17-р сургууль дээр зохион байгуулсан тус  аяны нээлтэд 200 гаруй залуус оролцов.

Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, “Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газар байгуулагдаад удаагүй  ч залуучуудад хандсан олон шинэлэг ажил хийж байна. Үүний нэг нь залуучуудыг эерэг хандлагатай болгох, хотын соёлыг түгээх зорилготой өнөөдрийн арга хэмжээ юм. Орчин цагт бие, биенээсээ хамаарах харилцаа, хандлага нэмэгдэж байгаа учир өсвөр үеийнхэн маань эерэг сэтгэлгээтэй байх нь хамгийн чухал зүйл юм. Аз жаргалтай хотын иргэн байя гэвэл Та “Эерэг амьдарцгаая” урианд нэгдэж их хотын соёлт иргэн гэдгээ ухамсарлан, бусаддаа үлгэр дууриал болж яваарай. Хүн бүрт сайн тал бий. Бие, биенийхээ сайн талыг олж харж урам хайрлаж, дэмжиж байгаарай” хэмээн онцлов.

Харин Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Залуучууд маань эерэг байж нийгэм урагшилна. Тиймээс манай газраас залуучуудтайгаа хамтын зөв 10 дадлыг гаргалаа. Эл аяны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтад нийслэлийн бүх дүүргийн иргэд,  оюутан залуусыг өргөнөөр хамруулна.  Зөв 10 дадлын тухайд, Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэн, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн, Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг иргэн, Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр  хэрэгжүүлдэг иргэн, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн, Санаачилгатай, оролцоотой иргэн, Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн, Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн, Ногоон орчин бүтээдэг иргэн, Цаг баримталдаг иргэн байх зорилтыг залуус маань дэвшүүлсэн. Тухайбал ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн байх гэдэг ойлголт өргөн утгатай. Цонхоороо дээж өргөөд зогсоол дээр тавьсан машиныг бохирдуулах нь бие, биенээсээ үргэлж хамааралтай оршин байх их хотын амьдрал, суурин иргэншлийн онцлогт тохирохгүй байх жишээтэй. Үүнийг өнгөц харахад жижиг асуудал мэт боловч хотын соёл ба уламжлал, ёс заншлаа хадгалж үлдэх гэх мэт томоохон асуудлууд цаана нь бий. Тэгэхээр бид асуудлыг илүү нухацтай авч үзэх хэрэгтэй болсон учраас үүнийг залуустаа таниулан сурталчилж буй юм” гэлээ.
Б.Заяа


相关新闻