УДЭТ-ын уран бүтээлчид түүхэн жүжгүүдээр үзэгчдэд бэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-10-09 15:30:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид энэ жилийн үзвэрийн нээлтээ өнгөрсөн амралтын өдөр Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгээр эхэллээ.
Жүжгийн зохиолыг нь СГЗ Ш.Гүрбазар бичиж,  найруулагчаар СТА Ч.Түвшин ажиллаж, гол дүр Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж олны хүртээл болгосон билээ. 
Өдгөө 87 дахь жилдээ үзэгчидтэйгээ учран золгож буй тус театрын уран бүтээлчид “Түүхэн жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд энэ сарын 13, 14, 15-нд Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү”, 18,19,20-нд Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр”, 21, 22-нд Ш.Гүрбазар “Жаргаагүй нар”, 28, 29-нд Б.Шүүдэрцэцэг “Ану хатан”, С.Жаргалсайхан “Тэмүүжин” жүжгийг тус тус тоглох юм.
Театрын тайзнаа уран бүтээлчдийн авъяас чадвар, сэтгэл зүтгэл шингэж бүтээн туурвисан бүхий л төрлийн үзвэр хэн бүхэнд оюуны хөрөнгө оруулалт болох учиртай. Энэ ч үүднээс тус театрынхан “Театр-Үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Багц тасалбар” “Тоглолтын дараа” үзэгч, уран бүтээлчдийн уулзалт, “Театр-Аялал” зэргийг зохион байгуулж байгаа аж.
Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 10-25 мянган төгрөгөөр, “Багцын тасалбар”-аа 45 мянга, 60 мянган төгрөгөөр худалдаалж байна. Тасалбарыг театрын билетийн кассаар өдөр бүр 10:00-18:00 цагт, онлайн тасалбарыг www.ticket.mn  болон 1900-1800 лавлахаар үнэгүй хүргүүлэх боломжтой.

Ж.Болор
相关新闻