“Бөхийн спортыг сурталчлах аян”-ы нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-07 21:40:39
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Бөхийн спортыг сурталчлах долоо хоногийн аян”-ыг аймгийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж байна. Аяны нээлт өнөөдөр Зуунмод сумын тавдугаар сургуулийн спорт зааланд болов.

Нээлтийн үйл ажиллагаан дээр “Шилдэг” жүдо клубын чөлөөт бөхөөр хичээллэдэг 40 хүүхэд үзүүлэх тоглолтыг хийлээ.

Төв аймаг бөхийн спортоос төрсөн олон алдартнуудтай. Энэ утгаараа бөхийн спортыг сурталчлах 7 хоногийг зарлаж байгаа ажээ. Мөн хүүхдийн эрүүл мэндэд бөхийн спорт асар их ач тустайгаас гадна хүүхэд залуусыг бөхийн спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлж ирээдүйн тив дэлхийн хэмжээний аваргуудыг төрүүлэх зорилготой гэдгийг аймгийн Биеийн тамир спортын газрын самбо, жүдо бөхийн дасгалжуулагч Ц.Батзаяа онцолсон юм.

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Зуунмод сумын дөрөвдүгээр сургуульд чөлөөт бөхийн дугуйлан хичээллэж эхлээд байгаа аж.

Сонирхуулахад, Төв аймагт чөлөөт, самбо болон жүдо бөхөөр хичээллэдэг 100 орчим хүүхэд байдаг гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
 Т.Есүхэйтөмөр
相关新闻