Олон улсын циркчдийн фестивалиас манай жүжигчид “Алтан цом”-хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Циркийн урлагийн олон улсын хэмжээний тэмцээнд тогтмол амжилттай оролцдог манай циркчид Монголын циркийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмлээ.
Олон улсын "Циркчдийн Олимп" хэмээн өргөмжлөгддөг "А" зэрэглэлийн томоохон тэмцээнээс манай улсын циркчид "Алтан цом" хүртжээ. Монголын циркийн урлаг үүсч хөгжөөд 77 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд түүхэндээ анх удаа ийнхүү "А" зэрэглэлийн тэмцээнээс "Алтан цом" хүртсэн байна.
Зориг, тэвчээр, авхаалж самбаа шаардаж хатуу чанга бэлтгэл сургуулилт, өндөр эрсдэл дунд ур чадварын тоглолт үзүүлдэг циркийн салбарынхан 16 дахь жилдээ ийнхүү шилдгүүдээ шалгаруулжээ. БНХАУ-д болсон Олон улсын циркчдийн фестивальд манай улсаас 12 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. Манай үзүүлбэрийг шүүгчид нь суудлаасаа босч алга ташин жүжигчдэд хүндэтгэл үзүүлсэн байна.
Д.Өлзий