Баян-Өлгийд цахилгааны үнэ нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт цахилгааны үнэ 3,58 төгрөгөөр нэмэгдэж байгаа талаар аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас мэдээллээ.
Цахилгааны үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 211 тоот тогтоолтой холбоотой аж. Тус тогтоолоор Алтай-Улиастай, Баруун бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 3,58 төг/кВт цагаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
Мэргэжлийн хүний тайлбарласнаар Баян-Өлгий аймгийн нэг өрх сард дунджаар 200 кВт цахилгаан эрчим хүч хэрэглэх ажээ. Тарифт өөрчлөлт оруулснаар цаашид өмнөх саруудаас 700 орчим төгрөг илүү төлөх юм. Ийнхүү шинэ тарифаар айл өрхүүд 1 кВт цахилгааныг 98,68 төг, аж ахуйн нэгжүүд 149,69 төгрөгөөр тус тус худалдан авахаар болж байна.
Ө.Нурболат