Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-04 09:32:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн  эмч, ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж мэдээлэл хийлээ.

Тэдний тайлбарласнаар, их эмч нар сардаа 558559-634912, сувилагч нар 405200-471814 төгрөгийн цалинг авдаг ба 2014 оноос хойш огт нэмэгдээгүй ажээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлж, шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгах шаардлагатайг онцолж байна.

Жишээлбэл, Гончигийн Буянхишиг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт асрагчаар ажилладаг аж. Тэрээр эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх үндэслэлээ: "Миний бие өдрийн найман цаг ажилладаг. Гартаа 350 мянган төгрөг авч байгаа. Үүний 250 мянгыг нь цалингийн зээлд суутгуулдаг. Үлдсэн 100 мянган төгрөгөөр 5 ам бүл тэжээж байна. Бидний амьдралын бодит байдал ийм байгаа. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилчдын хөдөлмөр үнэгүйдсэн нь үнэн юм. Тийм учраас бид хөдөлмөрөө үнэлүүлэхийг хүсч байна" хэмээн тайлбарлалаа.     

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдүүлэх хөдөлгөөнд  нэгдэн орсноо энэ үеэр илэрхийллээ. 

Ө.Нурболат

相关新闻