ЖАЙКА гишүүдээ Монголын өнцөг булан бүрт ажиллуулахыг хүсч байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-29 17:31:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын сайн дурын хоёр гишүүн Монгол Улсад анх ирснээс хойш эдүгээ 25 жил болж байна.

Уг ойд зориулсан ёслолын арга хэмжээ өнөөдөр Чингис зочид буудалд боллоо. 1992 оноос хойш өнөөг хүртэл ЖАЙКА-ын  сайн дурын 643 гишүүн Монгол Улсад ажлаад байгаа юм. Ёслолын арга хэмжээнд одоо Монголд ажиллаж байгаа болон өнгөрсөн хугацаанд манай улсад ирж, туршлага хуваалцаж байсан сайн дурын ажилтнууд оролцлоо.

Энэ үеэр ЖАЙКА-ын Төв, Зүүн Азийн газрын дара Като Тошинобү, “Манай сайн дурын гишүүд Монголд ирээд шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлж, туршлагаасаа хуваалцсан гэж ярьдаг. Манай гишүүд ихэвчлэн нийгэмд дөнгөж хөл тавьж буй залуус байдаг учраас Монголчуудаас ч их зүйл сурдаг. Монголд ажиллаж, энэ орны түүх соёлоос суралцсан Япон залуус хожим нь хоёр улсын найрамдалт харилцааны гүүр болдог. Тиймээс бид гишүүдээ Монголын өнцөг булан бүрт ажиллуулахыг хүсч байгаа” хэмээв.

Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсад ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан сайн дурын гишүүдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.



ЖАЙКА-ын сайн дурын гишүүн, Орхон аймгийн 10 дугаар цэцэрлэгийн багш Тадано Марико, “Би хөгжиж буй орнуудад ажиллах хүсэлтэй байсан тул 2015 оны аравдугаар сард ЖАЙКА-гаас Монгол ажиллах томилолт авсан юм. Энэ оны 10 дугаар сард энд ажиллах хугацаа дуусах юм. Ирэхээсээ өмнө Монгол Улсыг тал хээр нутаг, малчин түмнээр л чуудыг нүүдэлчин ахуй, малчин түмнээр л төсөөлдөг байсан. Мөн алдартай сумочдоор. Тэгээд Улаанбаатарт ирээд үнэхээр их гайхсан. Маш том, өндөр хөгжилтэй хот байсан. Гэхдээ маш хүйтэн байсан тул шууд буцмаар санагдсан ч тэссэн. Тэгээд зун болоод Орхон аймагт очиход үнэхээр таалагдсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай цэцэрлэгийн хамт “Хоолоо идсэн үү, дулаан хувцаслаарай” гэх мэтээр надад санаа тавьж, яг л гэр бүлийн гишүүн шигээ харьцдаг.

Монгол хүүхдүүд маш хүчирхэг. Бусдад ялагдах, дээрэлхүүлэх дургүй. Мөн өөрийн хэлэх гэсэн зүйлээ айж эмээлгүйгээр хэлдэг. Монголын багш нар үнэхээр ачаалалтай ажилладаг юм байна. Улаанбаатарт л гэхэд хоёр багш 25-40 хүүхэдтэй харьцаж байна. Нэг ёсондоо багш төвтэй гэсэн үг. Харин Японд бол хүүхдийн наснаас шалтгаалаад багшийн тоог нарийвчлан тогтоодог. 0-1 настай гурван хүүхэд тутамд нэг багш, 1-2 настай зургаан хүүхдэд нэг багш гэх мэтээр. Ингэснээр сургалт хүүхэд төвтэй болж, хүүхэд тус бүрийн онцлогт тааруулан сурган хүмүүжүүлэх боломж бүрддэг. Монголд ч бас хүүхэд төвтэй сургалт байх хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.



ЖАЙКА-ын сайн дурын гишүүн Моримото Наотака, “Би 1999-2001 онд Монгол Улсад жудо бөхийн сургагч багшаар ирж байсан. Тэр үеэс Монголын жудочид олон улсын хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн. Тиймээс би үндэс суурийг нь сайн тавьж чадсан гэж харж байгаа. Монголын тамирчдыг багаас нь бэлтгэвэл олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцох боломжтой. Монголчууд маш хүчтэй. Тиймдээ ч Японы сумо бөхөд манлайлж байгаа. Тиймээс жудо бөхөөр ч дэлхийд манлайлах боломж бий. Үүний тулд тамирчид маань энэ спортынхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь зүтгэх хэрэгтэй” гэв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻