Дэлхийн хүүхдийн загварын олимпод тэргүүлсэн Монгол охид эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хүүхдийн загварын олимп болох “Top Teen Model of the Planet- 2017” тэмцээний Гран при цомыг монгол охин хүртэж, багаараа тэргүүн байр эзэлжээ.
Гүржийн Батуми хотноо энэ сарын 17-23-нд болсон уг тэмцээнд амжилттай оролцсон бяцхан моделиуд өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпод дэлхийн 19 орны 36 модель оролцож, авьяас чадвараа сорьсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг нэгдүгээр байр эзэлжээ. Харин бүх насны ангиллын Гран при шагналыг “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Н.Эмүжин хүртсэн байна.
Энэ удаагийн тэмцээнд “Seoul LBMA STAR AGENCY TOP 7”-гийн С.Түмэнжаргал, “Бяцхан мисс-2016” Улсын уралдаант тэмцээний “Шилдэг оролцогч”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” А.Маралгуа, Дорноговь аймгийн “Оны шилдэг хүүхэд”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Г.Уянгадарь, Эрдэнэт хотын “ТОП” загвар өмсөгч Э.Охиноо, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Н.Эмүжин нарын таван бяцхан охин оролцсон юм.
Д.Өлзий