Дорнод Казахстаны Их сургууль 94 монгол иргэнийг үнэгүй сургана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол-Казахстан улсуудын хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэг ухааны яамнаас 94 монгол иргэнийг С.Аманжоловын нэрэмжит Дорнод Казахстаны Улсын Их сургуульд үнэ төлбөргүй суралцуулах шийдвэр гаргажээ.
Энэ талаар тус сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Зулхарнайн Жолаушыбай мэдээллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Бүртгэлийн ажил ирэх 10 дугаар сард салбар сургууль дээр явагдана. Бүрэнд дунд сургууль, дээд сургууль төгссөн монгол иргэд хамрагдах боломжтой. Элсэгчид эхний 1 жил бэлтгэл курст суралцаж, дараагийн жилээс тус сургуулийн 45 бакалаврын мэргэжлээс сонгож үргэлжлүүлэн суралцах юм. Суралцах хугацаанд сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж, сар бүр тодорхой хэмжээний тэтгэлэг авна" гэв.
Дашрамд хэлэхэд, хоёр улсын Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн яамдын хамтран ажиллах гэрээний хүрээнд 2001 онд С.Аманжоловын нэрэмжит Дорнод Казахстаны Улсын Их сургуулийн салбар Баян-Өлгий аймагт нээгдэж байжээ. Тодорхой шалтгааны улмаас уг салбар сургууль өнөөдөр үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа ч Баян-Өлгий аймгийн 200 орчим оюутан Өскемен хотод тухайн их сургуульд суралцаж байна.
Ө.Нурболат