Малаа тэжээлээр солих боломжийг бүрдүүлнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-25 12:10:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийт нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул ХХААХҮЯ-наас малчид малаа тэжээлээр солих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар өнөөдөр тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш мэдээлэв.

Одоогоор улсын хэмжээнд 66 сая мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ. Эдгээр малд зориулж нийт 1.2 сая тонн хадлан бэлтгэх шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн зун нийт 15 аймгийн 94 сум гантай, 153 сум гандуу зуссантай холбоотойгоор нийт хадлангийн талбайд 850 мянган тонн өвсний нөөцтэй үлджээ. Тиймээс үлдсэн 400 мянган тонн өвсийг импортоор оруулж ирэх, малчдыг малаа өвс, тэжээлээр солих боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн хэмээн Л.Чой-Иш дарга хэллээ.

Тэрбээр, “Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төв аймгийн ихэнх нутгаар,  Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын зарим сумдын бэлчээрийн даац хэтэрсэн тул мал өвөлжилтийн нөхцөл хүндрэхээр байна.

Тиймээс малчдыг малын махаа тэжээлээр солих боломжийг бүрдүүлнэ. Малчид мал мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдэд махаа өгч, баримт бичүүлж авах юм. Уг баримтаа өөрт ойрхон байрлаж буй өвс, овъёос борлуулах цэгт өгч, тэжээлээ авах боломжтой. Нэг боодол өвсний үнэ хадлангийн талбайд 3000 төгрөг байна. Харин алслагдсан бүс нутаг руу тээвэрлэхэд зардал их ордгоос үүдэн 10 мянган төгрөг болон өсч байгаа” гэв.

Ч.Ариунболд
相关新闻