Цэрэг-спортын “Дөл-2017” тэмцээнд 24 баг өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-09-22 08:31:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2017” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй 24 баг нь аймгуудын түвшинд эхлээд сургуульдаа тэргүүн байр эзэлж, дараа нь сумандаа, аймагтаа тэргүүн байр эзэлж, шилдгээр шалгарсан, нийслэлийн хэмжээнд сургууль, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг багууд юм.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлэхдээ “Энэхүү тэмцээнийг өсвөр, залуу үеийнхнийг дайчин, хөдөлмөрч уламжлалаар хүмүүжүүлэх, бие бялдрын хүмүүжил, цэргийн анхан шатны бэлтгэл сургуулилтын үр дүнг дээшлүүлэх, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бүх талаар бэлтгэхэд тус дөхөм болох зорилгоор ерөнхий боловсролын бүрэн дунд, техник мэргэжлийн болон тусгай мэргэжлийн сургуулиуд, үйлдвэр албан байгууллагууд, сум нэгдэл, сангийн аж ахуйд жил бүрийн 4 дүгээр сард, аймаг, хотод 5 дугаар сард зохион байгуулж, улсын хэмжээнд 3 жилд нэг удаа зохион байгуулж байсан. Үүнээс хойш хэсэг хугацаанд завсарлаж байгаад 2000 оноос аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулах болж, энэ оноос Батлан хамгаалахын сайдын нэрэмжит УАШ цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн өргөжин зохион байгуулж буйгаараа онцлог юм. Энэхүү тэмцээн нь хүүхэд залуусыг сахилга хүмүүжил, хувийн зохион байгуулалт бүхий иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.



БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Батлан хамгаалах бодлого, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Гандирваа “Зэвсэгт хүчний анги салбарууд энэхүү сургалтын төвд 2 жилд нэг удаа Зэвсэгт хүчний марш тактикын аварга шалгаруулах тэмцээн хийдэг. Үүний нэг хувилбараар хүүхдүүдийн дунд явагддаг байсан тэмцээнийг энэ жил сайдын нэрэмжит, УАШТ болгон явуулж байна” гэв.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, дүүргүүдийн Засаг дарга нар, цэргийн штабын дарга нар 21 аймаг, нийслэлээс шалгарсан нийт 24 багийн 300 гаруй тамирчин болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻