Сонирхогчдын сумогийн дэлхийн 4 удаагийн аварга У.Бямбажав “Алтангадас” одон хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-21 13:12:42
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын Лос Анжелес хот дахь Сумо бөхийн холбооны гэрээт тамирчин Уламбаярын Бямбажавыг “Алтан гадас” одонгоор шагнасныг Монгол Улсаас Сан Франциско хотноо суугаа Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны энэ сарын 17-ны өдөр гардуулжээ.

Тэрбээр Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ нэгэн үе Дайшёочи нэрээр барилдаж байсан юм. Харин өдгөө сонирхогчдын сумод Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд мандуулж, сурталчилж байгааг ийнхүү өндрөөр үнэлжээ.

Сан Франциско дахь Ерөнхий консулын газрын байранд болсон уг ёслол арга хэмжээнд “US Sumo Open” тэмцээний зохион байгуулагч, захирал ноён Эндрю Фреунд тэргүүтэй гадаад, дотоодын нийт 20 гаруй иргэд байлцжээ.

Дашрамд сонирхуулахад, У.Бямбажав нь АНУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд сонирхогчдын сумо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, US Sumo Open тэмцээний үнэмлэхүй аварга цолтой. Мөн олон төрлийн шоу, үзүүлэх тоглолтод оролцохоос гадна олон төрлийн сурталчилгаанд амжилттай тоглож байгаа алдартай тамирчин юм.
Д.Өлзий
相关新闻