Э.Долгион:Мэдээлэлтэй нийгмээс, мэдлэгтэй нийгэм рүү шилжих зайлшгүй шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-09-21 11:22:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын өдөр тутмын сонины анхдугаар форум өнөөдөр "Блю Скай" цамхагт эхэллээ. Тус форум “Одоо ба ирээдүй”, Ирээдүй ба сорилт” гэсэн хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд Өдөр тутмын сонины ёс зүй болон Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих талаар тунхаг бичгүүдийг батламжлах юм.

Форумд өдөр тутмын сонинуудын удирдлагууд, сэтгүүлчид болон мэдээлэл технологийн салбарын төлөөлөгчид, эрдэмтэн, багш нар оролцож байна. Форумыг нээж Монголын өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион “Өдөр тутмын сонинууд бол үндэсний дархлааг бэхжүүлэгч нийгмийн хамгийн том медиа мөн” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр технологийн хөгжил, дижитал хурдтай тархаж буй энэ цаг үед хамгийн болхи бөгөөд удаан байсан нь сонины салбар гэдгийг хүлээн зөвшөөрч буйгаа хэлээд бүхий л цаг үед тэргүүлж, манлайлж ирсэн энэ салбарын хувьд хатуу цохилт болсон гэлээ. Цааш нь тэрбээр “Гэхдээ бодит байдал нь харагдаж байгаагаас өөр. Өдөр тутмын сонинууд уншигч бол "хогийн сав" биш гэдгийг мэддэг. Сонинд багтаагүй материал тийм ч их чухал биш гэсэн үг. Харин сонгомол чухал мэдээлэл хамгийн чухал, үнэ цэнэтэй хэвээр байгаа. Уншигчдын 90 хувь мэдээллийг өөрийн итгэдэг эх сурвалжаас авахыг хүсдэг. Цахим орчинд худал, хуурмаг мэдээлэл хяналтгүй тархах болсон энэ цаг үед уншигчдын сонинд итгэх итгэл эргээд сэргэж байна.

Дэлхийн хүн амын тал хувь нь өдөр тутмын сонинг сонгож, өдөрт 2.5 тэрбум сониныг хэвлэмэл хэлбэрээр, 600 сая сонинг цахим хэлбэрээр уншиж байна. Сүүлийн таван жилд сонины уншилт эдийн засгийн өсөлттэй гол орнуудад нэмэгдсэн.

Монголд сонины салбарын гол сорилт нь уншигчдын тоо биш, харин бизнес. Цахим орчинд тохирсон бизнесийн тогтвортой зөв моделийг олох нь чухал байна. Өдөр тутмын сонинууд нийгмийн хамгийн хүнд бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээж байна. Өнөөдрийн форумаар мэдээлэлтэй нийгмээс, мэдлэгтэй нийгэм рүү орох асуудлыг ярих зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.
 
Өдөр тутмын сонинууд дижитал форматад
шилжих шаардлагатай

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал форумын нээлтийн үеэр “Нийгэм хүссэн хүсээгүй дижитал орчинд шилжиж байна. Тиймээс өдөр тутмын сонинууд дижитал хэлбэрт орох нь гарцаагүй. Гэхдээ форматдаа анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт дотоод агуулгадаа анхаарах. Мөн сонинууд зах зээлээ хамгаалахын тулд шударга байх ёстой” гэж байр сууриа илэрхийлэв.



“Слайд” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Энхтөр “Өөрчлөлт ба хандлага” илтгэлдээ дэлхийн хэмжээнд сонинуудын орлого, захиалга, агуулгад хийсэн судалгааг танилцуулав. Сонингийн орлого 88 хувь нь хэвлэмэл, 12 хувь нь цахим /сүүлийн 5 жилд 6 дахин өссөн/ захиалгаар бүрддэг гээд хэвлэлийн орлого тогтмол бөгөөд удаан бууж байгаа, тоо мөн сүүлийн 5 жилд дэлхий даяар буурсан гэлээ. Сонинд сурталчилгаа байрлуулах нь хэвлэмлээс илүү цахим сонинд хол илүү өсч байгаа гэв. Хэвлэмэл захиалгын орлоготой харьцуулбал бага хувь эзлэх ч цахим захиалга огцом өсч байгаа бөгөөд цахим сонин уншигчдын тоо хөгжилтэй орнуудад 80 хувьд хүрсэн аж. Дүгнээд үзвэл, цахим захиалга өсч байгаа ч хэвлэмэл захиалга алга болох болоогүй, сонинууд сурталчилгаагаар цааш орлого олоход хүндрэлтэй болж байгаа учир агуулгаа баяжуулж, захиалга нэмэгдүүлэх шаардлага үүсч байна. 

Монголын цахим уншигчдын тоо тогтмол өсч байгаа бөгөөд нийт мэдээний 40-50 хувийг огт уншдаггүй нь судалгаагаар гарчээ. Уншигчдын анхаарлыг татдаг шинэ агуулгын хувьд:
  • Хамгийн их: Танин мэдэхүй, хувь хүний хөгжил, технологи, шинжлэх ухаан, кино, сонирхолтой ярилцлага, блог гэх мэт нарийн мэдээллийг түлхүү уншдаг
  • Дунд: улс төр, эдийн засаг, дэлхийн дахины мэдээллийг тодорхой насны, тогтсон бүлэг уншигчид уншдаг
  • Бага: бизнесийн мэдээг ихэнхдээ уншдаггүй.
Монголын хэвлэлийн мэдээллийн салбарт гарч буй шинэ шаардлагыг мөн судалгааны дүгнэлтэд хэллээ. Энэ нь:

1. Сонинууд цахим хэлбэрт шилжих нь зайлшгүй алхам. Гэхдээ сонинууд нэгдэж нэг платформоор цахим хувилбараа зардаг болох нь илүү ашигтай шийдэл
2. Уламжлалт агуулгын бодлогыг шинэ эрэлтэд нийцүүлэх, шинэ урсгалд тааруулж редакцийн бодлогоо тодорхойлох
3. Сонинууд цахим хэлбэрээр хүргэхдээ бүх мэдээллээ нэгтгэж бус задалж, нэг нэгээр нь хүргэх боломжтой
4. Уншигчдаасаа сонирхсон мэдээллийнх нь захиалгыг нэгтгэж аваад тэр сэдвээр нь бэлтгэж өгөх нь зүйтэй гэлээ.  


 
“Аналитик сэтгүүлзүйг хөгжүүлэх нь өдөр тутмын
сонинуудын оршин тогтнох үндэс болно”

Форумд оролцож буй эрхлэгч, сэтгүүлчид дээрх илтгэлүүдийн дараа байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Тухайлбал “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Ганболд “Монголд 10 гаруй өдөр тутмын сонин гарч байгаа. Ямар ч хэлбэрээр гарч болох ч сонинг уншихад гарч баригдах мэдрэмж гэдэг сайхан. Өдөр тутмын сонинд гарч буй материал юугаараа онцлог гэхээр хамтын бүтээл байдаг. Хариуцлагыг нь бас редакци хүлээнэ. Өдөр тутмын сонины материал хариуцлагатай, хянагдаж, шүүгдэж, шалгагдаж гардгаараа онцлогтой” гэлээ.

Технологийн салбарт хэрхэн хүч түрэн орох талаар “Слайд” ХХК-ийн захирал З.Энхтөр “Цахим сонин манайд төдийлөн хөгжөөгүй харин сайтууд маш их байна. Гэхдээ сонины хувьд хамгийн том үнэ цэнэ нь тэнд ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин байдаг. Сонин цахим хэлбэрээр уншигчдад хүрэх орон зай Монголд одоогоор хоосон байна” гэсэн бол “Өдрийн сонин”-ы Нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга П.Хашчулуун “Сайн нийтлэл, сайн борлуулалт харилцан уялдаатай. Тогтмол хэвлэлийн орон зай, ирээдүй шахагдаж байна гэж яриад л байна. Олон улсын томоохон сэтгүүлчид дийлэнх нь тогтмол хэвлэлийнх байдаг. Өдөр тутмын сонинууд ихэнх л мэдээллийн хөтөч болж байгаа. Сонинуудад гарсан материалыг хараад л хойноос нь хөөж мэдээлэл бичдэг нь үнэн” гэв.

Үндэсний шуудан ерөнхий эрхлэгч С.Ононтуул “Өдөр тутмын сонин шуурхай байх шаардлагаас хоцордог ч үйл явдалд анализ, дүгнэлт хийж нийтэлдгээрээ онцлог. Мэдээж нэг төрлийн үйл ажиллагаа явуулдаг учраас бидэнд өрсөлдөөн байна. Ерөнхийдөө мэргэжлийн ёсзүйгээр ялгарах шаардлагатай гэж боддог. Аналитик сэтгүүлзүйг хөгжүүлэх нь цаашид өдөр тутмын сонинуудын оршин тогтнох үндэс нь байх болов уу” гэлээ.

Тус форумын үеэр “Хууль зүйт шударга нийгмийн төлөө өдөр тутмын сонинуудын тунхаг”, “Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхаг” гаргаж гарын үсэг зурах юм. Дээрх хоёр тунхгийг баталснаар сонины салбар дахь цэвэр, шударга, мэргэжлийн сэтгүүлзүйг уншигчдын өмнө дахин баталгаажуулна хэмээн үзэж байгаа аж.

Монголын өдөр тутмын сонинуудын анхдугаар форум үргэлжилж байна.


 
Н.Гантуяа
相关新闻