С.Одонтуяа: Дүүргийн иргэд ил задгай худалдаа хийхийг 100 хувь эсэргүүцсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-21 08:11:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагаа зогсоосон талаар мэдээлэл хийлээ.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа эрхэлж байсан зарим иргэн уг шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм. Энэ оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд зөвшөөрөлгүй газар ил задгай худалдаа хийхийг хориглох заалт орсон гэдгийг Засаг дарга С.Одонтуяа онцлов.

Тэрбээр, “Улаанбаатар хотын гудамж талбай өнөөдөр зах шиг болсон байна. Ил задгай худалдаа эрхлэгчдийн ойр орчимд хог хаягдал ихээр овоорч, халдварт өвчин тараах магадлал өндөр байна. “Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэж байгааг хэрхэн дүгнэж байна вэ” гэсэн судалгааг дүүргийнхээ иргэдээс авсан. Иргэд 100 хувь энэ бол буруу гэсэн хариулт өгсөн юм. Бид иргэдээ эрүүл, аюулгүй, амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс Баянгол дүүргийн 230 мянган иргэний эрх ашгийг бодолцож үзсэн юм. Нөгөөтэйгүүр ил задгай худалдаа эрхлэгчид худалдааны төвүүдэд түрээсээ төлөөд наймаа хийж буй хүмүүсийн орлогыг хааж байна. Хуулийн дагуу зөвшөөрөл авч, татвар, түрээсээ төлөөд явж байгаа хүмүүсийг бид дэмжинэ” хэмээв.

Баянгол дүүргийн удирдлагууд ил задгай худалдаа наймаа хийж байгаа иргэдтэй удаа дараагийн уулзалт зохион байгуулж, хуулийн дагуу гарц, гаргалгааг хэлэлцсэн байна. Иргэдэд ажлын байр санал болгоод зогсохгүй хорооллын төв гудамжинд байдаг худалдаа үйлчилгээний төвүүдэд 1 м2 нь 20-50 мянган төгрөгийн хооронд хөнгөлөлттэй үнээр лангуу түрээслэх санал тавьсан ч хүлээж аваагүй аж.

Ч.Ариунболд
 
相关新闻