Инженерийн шугам сүлжээн дээр баригдсан өргөтгөлүүдийг нураана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт орон сууцны нэгдүгээр давхарт 1100 гаруй өргөтгөлийн барилга байна. 2014 оноос өдий хүртэл нэгдүгээр давхарт өргөтгөл барих зөвшөөрлийг 30 ААН-д өгсөн бол үлдсэн нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр орон сууцаа сунгасан байна. Ийнхүү өргөтгөл, сунгалт хэрээс хэтэрсэн тул аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарч шалгалт хийж байна.
Эхний ээлжид 1,2,3 дугаар хорооллыг шалгахад 390 орчим өргөтгөл байна гэсэн тоо гарчээ. Үүнээс 140 нь үйлчлгээний зориулалтаар ашиглахаар гэрийнхээ тагтнаас гадагш хаалга, шат гаргасан бол үлдсэн нь нийтийн эзэмшлийн талбай руу өргөтгөл барьжээ.
Эдгээр өргөтгөлөөс инженерийн шугам сүлжээ, дулааны хоолойн дээр баригдсан, эсвэл ноцтой зөрчилтэй өргөтгөлийн барилгын тоог гаргахаар ажиллаж байна. Дараа нь сануулах хуудас хүргүүлж нураалгах юм. Хэрвээ нураахгүй бол албадан нурааж гарсан зардлыг иргэнээс төлүүлэх юм.
Б.Оюун-Эрдэнэ