Жилд мянган хэрэг хэлэлцдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн шүүхийн байгууллага дээр тангараг өргөх ёслол болов. Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон эрх зүйч эмэгтэй А.Жархынгүл тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагаан дээр тус шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Мангилик хэлсэн үгэндээ, -Манай шүүх жилд мянга орчим иргэний хэрэг хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэдэг тул хоёрхон шүүгчтэй, ачаалал ихтэй байлаа. Одоо нэг шүүгчийн орон тоо нэмэгдлээ. Энэ албанд томилогдохоор зургаан хүн өрсөлдсөний дундаас мэргэжлээрээ арван жил ажилласан А.Жархынгүл шалгарч Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдлоо. Хариуцлагатай энэ албыг үнэнчээр гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэв.
Ш.Айзаря